Том жижиг үйлчлэл гэж байдаггүй, харин чин сэтгэлийн үйлчлэл л гэж бий

Кришна Мандир төв дээр уншсан лекцийн хэсгээс (2026-03-08)

17 өдрийн өмнө

“Онцгой чин бишрэлээр Намайг шүтдэг, Миний бурханлаг дүрийг бясалгадаг тэдэнд Би дутагдаж байгаа зүйлсийг нь зөөж авчран, байгаа зүйлсийг нь хамгаалдаг” (Бхагавад-гита 9.22)

Энэхүү есдүгээр бүлгийг “Хамгийн эрхэм нандин мэдлэг” гэж нэрлэдэг. Эрхэм нандин гэж юу гэсэн үг юм бэ? Эрхэм нандин зүйлээ хүн хамгийн дотнын хүндээ л дэлгэдэг. Харин бусад хүмүүст нууц байдаг.

Кришна Бурхан энэ бүлгийн эхэнд Аржунад хандан, чи надад атаархдаггүй учраас би чамд энэхүү нууц, эрхэм нандин мэдлэгийг хэлж өгч байна гэж айлддаг. Энэ бүлэгт өгүүлж буй мэдлэгийг ража-видйа буюу мэдлэгийн хаан, ража-гухйам буюу нууц мэдлэгүүдийн хаан гэж нэрлэдэг.

Яагаад нууц гэж? Энэ судар хүн бүрд нээлттэй л байж байна шүү дээ гэж хэлж магад. Яагаад гэвэл энэ мэдлэг хэдий нээлттэй ч үүнийг зөвхөн Бурханд атаархдаггүй, мөн бусдад атаархдаггүй, хүлцэнгүй хүн л ойлгож чадна.

Тэгвэл өнөөдрийн энэ шүлэгт Бурхан өөрт нь чин бишрэлээр үйлчилдэг хүнийхээ дутуу зүйлийг нь өөрөө зөөж авчирдаг гэж байна. Энэ юу гэсэн үг юм бол оо? Надад дутуу байгаа зүйл юу юм бол? Бид нар өөрсдөө үүнийг мэддэг билүү? Ихэнх нь мэддэг гэж боддог байх.

Надад дутуу зүйл бол... машин, хань ижил, өндөр цалин, сайн найзууд, маш их мөнгө, тогтвортой ажил, англи хэл гэх мэт хязгааргүй олон зүйлээр өөрсдийгөө бид дутагддаг гэж боддог. Ийм зүйлтэй л болчих юм бол би яг сайн үйлчлэх гээд байна, мантрагаа сайн унших гээд байна, садхана сайн барьдаг болох гээд байна… гэж боддог.

Өөрсдөө ингэж бодохын гол асуудал нь бидний мэдрэхүй төгс бус, ухаан нимгэн, ухамсар бохир учраас ихэнх хүсэл маань цэвэр ариун, бурханлаг төлөвөөс биш, харин хүсэл тачаал, харанхуй мунхгийн төлөвөөс ирдэг.

Жишээ нь, би их мөнгөтэй болчихвол үүнийгээ сүмийн барилгадаа өргөл болгоно, өөр олон төсөлд ч хөрөнгө оруулж бурханлагаар мөнгөө ашиглана гэж бодож байвч, яг үнэндээ би тийм хүн биш байвал яах вэ?

Манай нэг таньдаг ах дээхэн үед бизнес хийгээд богино хугацаанд мөнгөтэй болсон юм. Харин мөнгөтэй болоод зан авир нь шал өөр болсон. Нөгөө хөгжилтэй, найрсаг ах маань дээрэлхүү, бардам болсон. Үүн шиг би мөнгөгүй үедээ мөнгөтэй болбол зөв ашиглана даа гэж бодож байвч, яг их мөнгөтэй болбол зан нь эвдэрдэг төрлийн хүн байвал яах вэ?

Мөнгө маш олон материаллаг боломжийг, материаллаг таашаал ханамжийн үүд хаалгыг нээдэг. Би өмнө нь мөнгөгүй байхдаа эдэлж чаддаггүй байсан тийм зүйлээ эдлэх гээд үүнд мөнгөө үрвэл яах вэ? Мөнгөтэй, тэгээд үүнийгээ Кришнагийн ухамсарт зөв ашиглах нь том сорилт шүү. Хүн болгоны хийж чаддаг чадвар биш.

Тэгэхээр Бурхан миний дутууг зүйлийг нь өгдөг гэдэг нь миний бодож байгаа дутуу зүйл биш, харин Кришнагийн ухамсартай болоход хэрэгтэй дутуу зүйл. Бидэнд юу дутуу байгааг биднээс илүү Бурхан сайн мэдэж байдаг.

Өөр нэг жишээ гэвэл бид англи хэлтэй ч юм уу өөр янз бүрийн ур чадвартай болчихвол Кришнад илүү их үйлчилнэ гэж боддог. Яг үнэндээ тийм байх албагүй. Англи хэл дээр Кришнагийн ухамсартай холбоотой олон ном судар, мэдээ мэдээлэл байгаа л даа. Гэхдээ хэрэгтэй хэрэггүй өөр зөндөө олон мэдээлэл байдаг. Магадгүй англи хэл мэддэггүй нь бидний тэр олон дэмий балай мэдээллээс хамгаалдаг байж болно. Олон ур чадвартай боллоо гээд ихэнх хүмүүс үүнийг мэдрэхүйгээ хангах гэж л ашигладаг болохоос биш Кришнад зориулдаг нь ховор.

Энүүгээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар өөрсдөдөө юу хэрэгтэйгээ мэддэггүй. Бидний мэдрэхүй хязгаарлагдмал, ухаан богино, ухамсар бохир. Тиймээс бидний хүсэл цэвэр байна гэсэн баталгаа байхгүй. Бид хэчнээн өөрөөр бодсон ч, бидний өөрсдийн хүссэн зүйл яг үнэндээ бурханлаг амьдралд минь хэрэггүй байж болно. Тиймээс энэ шүлэг дээр бичсэн Бурхан бидэнд хэрэгтэй зүйлийг авчирна гэдэг нь бидний хүссэн зүйл байх албагүй.

Тиймээс бид өөрсдөө ойлгож ухаараагүй байсан ч, бидний нөлөөгүйгээр цаанаасаа аяндаа ирдэг зүйлийг дандаа Бурханы өршөөл нигүүлсэл гэж үзэх хэрэгтэй. Харин цаанаасаа надаас яваад өгч байгаа зүйлийг надад алсдаа хэрэггүй зүйл байсан байна гэж бодох хэрэгтэй. Үнэндээ яг тийм л байдаг.

Тиймээс бид яг одоо байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж, яг одоо өөрт байгаа боломжоороо Кришнад үйлчлэх хэрэгтэй. Тэрнээс биш ийм ч юмтай болчихвол, тийм ч чадвар эзэмшчихвэл л сайн үйлчилнэ… гэж бодох нь зөв хандлага биш.

Тэр байтугай, хөгжлийн бэршээлтэй байсан ч, зарим чадвар хэт дутмаг байсан ч, одоо байгаа нөхцөлд юу хийж чадах вэ гэж бодох ёстой. Яагаад? Учир нь чин бишрэлийн үйлчлэл гаднаа яаж харагдаж байгаа, материаллаг нөлөө ямар байх нь огт хамаагүй байдаг. Бурхан материаллаг үр дүнг бус, харин чин бишрэлийг л хардаг.

Үүнтэй холбоотой нэг түүх Раамаяана дээр гардаг.

CleanShot 2026-03-16 at 19.47.16@2x.png

Раама Бурхан эхнэр Ситагаа аврах гээд Ланка руу гүүр барихаар болдог. Энэ ажилд нь Хануман болон бусад сармагчны арми тусалдаг. Хүчирхэг сармагчнууд том том хад чулуу, уул толгодыг гүүр барихын тулд далайд байрлуулж Раама Бурханд үйлчилж байсан.

Тэгсэн нэг жижигхэн хэрэм мөн Раама Бурханд үйлчлэхийг хүсдэг. Гэхдээ тэр хэрэм жижигхэн учраас чулуу өргөж дийлдэггүй. Гэхдээ өөрийнхөө боломждоо тааруулж элс дээр эргэлдэж хөрвөөгөөд, наалдсан элсээ чулуунуудын хоорондох завсарт сэгсэрч унагааж байсан. Үүнийгээ ахин дахин хийсээр чулуунуудын хоорондох зайг бөглөж байсан.

Хануман болон зарим сармагчнууд үүнийг анзаараад түүнийг шоолсон. Тэгээд хэрмийг хажуу тийш нь түлхээд “чи хэт жижигхэн байна, биднийг ажиллаж байхад хөлд ороод бяцлуулчхав” гэхэд хэрэм, “би жижигхэн байж болно, гэхдээ би ч гэсэн Раама Бурханд үйлчилмээр байна шүү дээ” гэж хариулсан.

Раама Бурхан тэднийг анзаараад, хэрэм чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргаж байгааг мэдрээд тэр хэрмийг магтсан, “Сармагчнууд та нар том чулуу зөөж байна, энэ хэрэм элс зөөж байна. Бүгд өөр өөрсдийн ур чадварынхаа дагуу үйлчилж байна. Надад эндээс ялгаа харагдахгүй байна” гэв. Тэгээд тэр хэрмийг гар дээрээ бариад нурууг нь илсэн. Энэтхэгийн дал модны хэрмийн нуруун дээр гурван зураас байдгийг Раамын хурууны мөр гэж ч ярьдаг.

Энэ түүхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Бурхан бидний үйлчлэлийн том жижгийг ер хардаггүй. Харин Тэр бидний чин сэтгэлийг, чин бишрэлийг, сэдлийг хардаг. Яах вэ дээ, Хануман шиг чин бишрэлтнүүд хажууд уул хөдөлгөж л байг, гэхдээ хэрэм шиг бид ч гэсэн элсийг хөдөлгөөд л Бурханыг ханамжтай болгож болно.

Тиймээс гадна талаас хараад, материаллаг үр дүнг хараад тухайн хүний чин бишрэлийг мэдэх боломжгүй. Жишээ нь, угийн байнга хоол хийдэг мэргэжлийн тогооч хүн хурууныхаа үзүүрийг хөдөлгөөд л амттай сайхан хоол хийж чадна. Харин хоол хийдэггүй хүн чин сэтгэлээсээ хоол хийх гэж хичээсэн ч түүхий, давс нь ихэдсэн амтгүй хоол хийж болно. Гэхдээ чин бишрэлийн хувьд мэргэжлийн тогоочоос илүү байж болно.

Бид нар заримдаа прасад амсаад хөөх ямар гоё хоол вэ бурхан үүнийг таалжээ гэж ярьдаг. Энэ маш буруу. Асар их эго энд байдаг. Бид ер нь хоолыг амсаад Бурхан таалсан таалаагүйг нь мэддэг хэн юм. Үүгээрээ бид прасадыг амсаад л Бурхан таалсан эсэхийг нь мэддэг бурханлаг чадвартай хүн гэж өөрийгөө өргөмжлөөд байна.

Аа гэхдээ дандаа амтгүй хоол хийж болно гэсэн үг биш. Өнөөдрийн шүлэг дээр энэ талаар хэлсэн байна. Хэрэв Бурханд ганхашгүй чин бишрэлээр үйлчлэх юм бол Бурхан дутууг маань нөхөж өгнө. Хэрэв би чаддаггүй ч гэсэн бурханд хоол хийж үйлчлэх асар их хүсэлтэй, энэ миний бурханлаг хөгжилд нэмэр болох бол эхэн үедээ чадахгүй байсан ч чин сэтгэлээсээ үйлчлээд л байх юм бол надад дутуу зүйлийг минь, надад зөв зүйтэй, үр бүтээмжтэй үйлчлэх оюуныг, мөн чадварыг Бурхан өөрөө зөөж авчраад надад өгнө гэж энд айлдаж байна.

17 өдрийн өмнө

Comments

Нэвтрэх
Илүү ихийг хийхийн тулд нэвтэрнэ үү
or