Кришнагийн ухамсарт урт хугацаанд тогтвортой үйлчлэх нь

Бхагавад-гитагийн 9.22 шүлгээр уншсан лекцийн хэсгээс (Кришна Мандир төв, 2026-03-08)

ойролцоогоор 1 сарын өмнө
long.png

Бурхан хэрэгтэй зүйлийг маань өгдөг юм байна. Тэгвэл энэ шүлгийг цааш нь яаж дэлгэрүүлж ойлгож болох вэ гэвэл, энэ нь мөн надад хэрэггүй зүйлсийг Бурхан буцаагаад авчихдаг гэсэн утгатай. Энэ шүлгийг, энэ философийг ойлгоогүйгээсээ болоод чин бишрэлтнүүд заримдаа маш хүнд хэцүү нөхцөл байдалд ордог.

Үйлчлэл хийж байхад хамгийн чухал нь хандлага болон чин сэтгэл гэж өмнө нь хэлсэн. Тэгвэл үйлчлэл хийж байхад бидний хандлага заримдаа өөрчлөгдчихсөн байдаг. Нэг бол үйлчлэлээсээ залхчихсан, нэг бол үйлчлэлдээ бардчихсан байдаг.

Жишээ нь, энэ үйлчлэлийг надаар л хийлгэх юм, өөр хийх хүн байдаггүй юм уу, би л ийм нэг хүмүүсийн голсон ажлыг нь хийх юм гэж бодно. Аль эсвэл үйлчлэлдээ хэт их татагдсан байж болно. Энэ үйлчлэлийг би л хийхгүй бол болохгүй, надаас өөр, Монголын Ятрад үүнийг хийж чадах хүн байхгүй, зөвхөн би л хийнэ гэж боддог.

Миний үйлчлэл бол хамгийн чухал гэж бодох нь тухайн чин бишрэлтнийг алсдаа маш хүнд нөхцөлд оруулдаг. Үйлчлэлийг ялгаж, өөрийнхөө үйлчлэлийг чухалчилснаасаа болж чин бишрэлтнүүдэд алдас хийдэг. Тэгээд үнэхээр чин бишрэлтэй хүмүүсээс холдож өөртэйгөө ижил гүехэн бодолтой хүмүүстэй нийлж буруу хүрээлэлд ордог.

Зөвхөн үйлчлэлээ чухалчилснаар хувийн садхана алдагдаж тэгээд эцэстээ уналт доройтолд ордог. Тэгээд гайхдаг. Бусад хүмүүс ч гайхдаг. Энэ хүн том том үйлчлэл хийж байгаа мөртөө яагаад уналтад орчхов? Нөгөө хүн нь ч гэсэн би хамаг чадлаараа зүтгээд байхад яагаад уначхав гээд гайхдаг.

Нэг чин бишрэлтэн Шрила Прабхупадаас: “Кришнагийн ухамсарт хамгийн чухал үйлчлэл аль нь вэ?” гэж асуудаг. Олон төрлийн үйлчлэл байдаг. Чин бишрэлтнүүд бүгд өөрсдийнхөө үйлчлэлийг хамгийн чухал гэж боддог байсан. Ном түгээдэг чин бишрэлтнүүд ном түгээлт л хамгийн чухал байх, учир нь Шрила Прабхупада үргэлж үүнийг онцолдог, ном түгээлт л гэж хэлэх байх гэж бодсон. Сүмд, шүтээнд үйлчилдэг хүмүүс мэдээж үндсэн төв болох гол шүтээндээ үйлчлэх нь л хамгийн чухал байлгүй дээ гэж бодсон. Хоол хийдэг тогооч нар, энэ чин бишрэлтнүүд бидний хүчинд л үйлчлэлээ хийж байгаа, хоол хийх л хамгийн чухал гэж бодсон. Бүгд өөрсдийнхөө үйлчлэлийг хамгийн чухал гэж бодсон.

Тэгсэн Шрила Прабхупада юу гэж хариулсан бэ гэхээр, “Кришнад зориулж хийж байгаа үйлчлэл л хамгийн чухал” гэж хариулсан. Бүх үйлчлэл чухал, бүх үйлчлэл хэрэгтэй. Бүгд энэхүү хөдөлгөөний нэг хэсэг. Миний үйлчлэл чухал, таны ч үйлчлэл чухал. Би энд хуваарийнхаа дагуу лекц уншиж байгаа ч, сүм бохир бол ямар санагдах вэ? Сүмд хэн ч ирэхгүй бол яах вэ? Дараа нь киртан хийх хүнгүй бол ямар байх бол? Шүтээндээ үйлчлэхгүй, хоол хийгээгүй бол ямар байх вэ?

Тиймээс бүх үйлчлэл чухал. Гаднаас ямар ч харагдаж байж болно, гэхдээ зөв хандлагатайгаар, чин сэтгэлээсээ хийж байгаа үйлчлэл хувь хүндээ хамгийн чухал. Том жижиг үйлчлэл гэж байдаггүй, харин зөв хандлагаар хийж байгаа үйлчлэл л гэж байдаг. Тэгвэл яаж зөв хандлагатай, чин сэтгэлээсээ үйлчлэх вэ?

Шрила Прабхупада бидэнд аргыг нь хэлж өгсөн. Нэгт эрүүл мэнд, хоёрт хувийн садхана, тэгээд сэва буюу үйлчлэл. Эрүүл мэнд биднийг садханаг тогтмол зөв барихад тусалдаг. Садхана сайн бол энэ нь зөв хандлагатай үйлчлэх боломжийг олгодог.

Эрүүл мэнд, энэ бие бол биднийг бурханлаг хөгжилд хүргэх багаж. Хэрэв багаж сайн бол үүнийг бурханлагаар сайн ашиглаж болно. Хэрэв бие муудвал үйлчлэл хийхэд маш хэцүү болдог. Бхагавад-гита дээр ууж идэх, унтах босох болон ажил амралтаа зохицуулж чадахгүй бол иогч болж чадахгүй гэсэн байдаг. Тиймээс бие эрүүл бол садхана сайн байх боломж илүү.

Садхана гэж юу юм? Өдөр бүр жапа буюу мантрагаа унших, лекц сонсох, киртанд оролцох, ном унших гэх мэт… Садхана бидний ухамсрын ариусгаж, бурханлаг хүч өгдөг. Садхана байхгүйгээр, бурханлаг хүчгүйгээр үйлчлэл хийх нь маш хүнд. Энэ нь сүүлдээ материаллаг үйлээс ялгаагүй болчихдог. Садханагүй үйлчлэл хийх үед бие болон сэтгэлийн тэнхээ асар хурдан барагддаг. Тэгэхлээр садхана биднийг зөв зүйтэй, зөв хандлагатай, чин бишрэлтэй үйлчлэл хийхэд тусалдаг. Үүний дараа л сэва буюу үйлчлэлийг зөв хийдэг болно, шүтээнд, чин бишрэлтнүүдэд, энэхүү хөдөлгөөнд зөвөөр үйлчилж чадна. Номлол хийх, ном түгээх, шүтээнд үйлчлэх, бусдад Кришнагийн ухамсартай болоход нь туслах гэх мэт.

Нэгт эрүүл мэнд, хоёрт хувийн садхана, тэгээд сэва буюу үйлчлэл. Гэхдээ энэ нь үйлчлэлээ мартаад өөрийгөө эрхлүүлээд л, биеэ витаминаар бөмбөгдөөд л, байнга эрүүл мэнддээ санаа зовоод л, үргэлж шинжилгээ өгөөд биеэ сонсоод яв гэсэн үг биш. Энэ бол эрүүл мэндээ шаардлагагүйгээр битгий золиосол гэсэн үг. Эрт унтаж чадахаар байвал эрт унт, эрүүл хооллож болохоор байвал эрүүл хоолло. Битгий хэтрүүлж ид, цамцаа өмсөж гарах боломжтой бол хүйтэнд битгий нүцгэн гарж гүйгээд бай. Энэ нь боломж байхад битгий шуналаасаа болоод, эгогоосоо болоод эрүүл мэндээ золиослоод бай гэсэн үг.

Мэдээж эрүүл мэндийн асуудалтай тэрийгээ өөрчилж чадахгүй бол, үүнийгээ хүлээн зөвшөөрөөд, боломжоороо садханагаа баримталж, боломжоороо үйлчлэл хийхэд асуудалгүй. Тэрнээс цоо эрүүл хүнтэй өөрийгөө харьцуулж, өөрийгөө бага үйлчилж байна гэж бодож болохгүй.

Садхана хэдий чухал хэдий ч, яаралтай хийх ёстой зүйл байхад, онцгой тохиолдолд, “Өө би жапагаа уншиж байна. Хамгийн чухал зүйлээ хийж байна” гээд хөдөлж өгөхгүй бол хэцүү. Баяр болоод хүн хүч дутуу байхад, “Өө би өнөөдөр хоёр цаг ном унших ёстой” гээд бусад нь бүгд үйлчилж байхад, чиний хэрэгцээ байхад ном уншаад суугаад байж болохгүй. Мэдрэмжтэй байх хэрэгтэй.

Эрүүл мэнд, садхана, сэва. Энэ дараалал зөрчигдөх богино хугацааны онцгой тохиолдол байж болно. Гэхдээ том зургаар буюу урт хугацаандаа тооцох юм бол энэ л дарааллаар амьдралаа зохицуулах хэрэгтэй. Номын багш маань хэлж байсан юм. Зарим чин бишрэлтнүүд том том үйлчлэл хийж байсан ч Кришнагийн ухамсраас гараад явчихдаг. Энэ их тоогүй явдал. Нэг том үйлчлэл хийгээд Кришнагийн ухамсраас гарснаас, ямар нэгэн байдлаар амьдралынхаа туршид Кришнагийн ухамсартай байх нь илүү чухал.

Тиймээс бид нар амьдралаа том зургаар харж, одоо байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, бүх зүйл бидний хүссэнээр болохгүй гэдгийг ойлгож, зөв хандлагатай байж, урт хугацаандаа Кришнагийн ухамсартай байхаар амьдралаа зөв зохион байгуулах хэрэгтэй.

ойролцоогоор 1 сарын өмнө

Comments

Нэвтрэх
Илүү ихийг хийхийн тулд нэвтэрнэ үү
or
Кришнагийн ухамсарт урт хугацаанд тогтвортой үйлчлэх нь