Чаитанйа Чандра прабхугийн "Кришнагийн ухамсраар хичээллэж эхлэх үед хэн нэгэн надад үүнийг хэлж өгч байсан ч болоосой" номоос

Заримдаа бид сэтгэл хөдлөл бол майа, үүнээс зайлсхийх ёстой гэсэн ойлголтыг авдаг байж магадгүй. Гэвч үнэндээ чин бишрэлийн үйлчлэл нь сэтгэл хөдлөл дээр маш хүчтэй суурилдаг гэдгийг бид харж болно. Бхакти-расамрита-синдху зэрэг номуудын ихээхэн хэсэг дээр бурханлаг ертөнцийн оршин суугчдын Кришнатай харьцах сэтгэл хөдлөлийг тайлбарладаг бөгөөд ийм сэтгэл хөдлөлийг хэрхэн хөгжүүлэхийг бидэнд заасан байдаг. Сэтгэл хөдлөл нь харилцааны үндэс болдог. Тиймээс сэтгэл хөдлөлөө бүгдийг нь дардаг хүн Кришнатай хувийн харилцаагаа хөгжүүлэхэд бэрхшээлтэй тулгарна. Ийм замаар хүн бодгаль бус ангижралд хүрч болох ч Бурхантай мөнхийн харилцаагаа дахин сэргээх магадлал тун бага.
Нөгөө талаар сэтгэл хөдлөл нь аминч үзэл болон материаллаг харилцаанд төвлөрөх үед бид хүсэл тачаал, уур хилэн, атаархал, бардамнал, шунал зэргийг мэдэрдэг бөгөөд эдгээр нь биднийг материаллаг хоёрдмол байдалд уядаг. Эндээс бид сэтгэл хөдлөл нь биднийг материаллаг ертөнцөд уях шалтгаан ч болж чадна, мөн ангижруулах шалтгаан ч болж чадна гэдгийг харж байна. Аржуна Курукшэтрагийн дайны талбар дээр уй гашуу мэдрээд, үүнийгээ Кришнагаас асуулт асуухад ашигласан. Хануман уурлаад, энэ уураа Ланкаг галдан шатаахад ашигласан. Бид сэтгэл хөдлөлөө унтраах биш харин Кришна руу чиглүүлж сурах хэрэгтэй.
Яг л мөнгө болон материаллаг авьяас чадвар шиг зөв чиглүүлсэн сэтгэл хөдлөлийг Кришнад зориулж хийдэг үйлчлэлээ нэмэгдүүлэхэд ашиглах юм бол энэ бидний бурханлаг дадалд хүчтэй хурдасгуур болж чадна. Нөгөө талаас сэтгэл хөдлөлийг угийн муу зүйл гэж бодох нь олон сөрөг үр дагавартай.
Бид бодгаль бусыг баримтлагчид биш
Маяавади болон Ваишнава нарын дэлхий ертөнцийн харах үзэл өөр байдаг. Маяавади бол материаллаг ертөнцийг хуурамч гэж үздэг бөгөөд үүнийг чанадын жинхэнэ бодит ертөнц дээр суурилсан хуурмаг зүйл гэж үздэг. Харин Ваишнава хүн материаллаг ертөнцийг хуурамч гэж үздэггүй. Энэ ертөнц бодит бөгөөд Кришнагийг бүтээл. Гэхдээ туйлын бодит ертөнц бол биш. Материаллаг ертөнц оршин байдаг бөгөөд бидний энд мэдэрч, туулж байгаа бүхэн бодит. Харин асуудал нь бид түр зуурын зүйлийг мөнхийн мэт хүлээн авч, янз бүрийн объект, харилцаа, сэтгэл хөдлөлийг Кришнад өргөл болгон өргөх нөөц боломж биш харин хувийн таашаал ханамжийн эх булаг гэж хардагт оршино. Тиймээс бидний зорилго бол энэ ертөнцийг хуурамч гэж үгүйсгэх эсвэл өөрсдийн хувь хүнийг устгах биш, харин аливаа зүйлийг Кришнагаас тусдаа гэж хардаг өөрсдийн майагаа устгах явдал юм.
Маяавади нарын эцсийн зорилго нь бие хүн болон сэтгэл хөдлөлөө уусган алга болгож, бодгаль бус гэрэл аялгуунд нэгдэн орох байдаг. Харин Ваишанавуудын хувьд Кришнатай холбогдох мөнхийн харилцаандаа раса буюу бурханлаг сэтгэл хөдлөлөө хөгжүүлэх нь амьдралын зорилго нь байдаг. Ваишанавуудын ойлголтоор, сэтгэл хөдлөл бол сүнсний мөнхийн шинж чанар. Үүнийг харин ариусгах л хэрэгтэй.
Бид шинэ ногоо болон бусад хүнсний материалыг хараад, эдгээрийг хаях ёстой хий хуурмаг зүйл гэж боддоггүй. Харин амттай хоол хийж Кришнад өргөх боломжтой хоолны материал гэж хардаг. Бид сэтгэл хөдлөлөө ч мөн ийм байдлаар харах хэрэгтэй. Бүрэн ариусаагүй ч эдгээр нь Кришнад илүү ойртоход хэрэг болдог бидэнд өгөгдсөн хэрэгслүүд юм. Тэмүүлэл биднийг мантра унших, чин бишрэлтнүүдтэй харилцахад хүчлэх түлхэц болж болно, уй гашуу биднийг огооролд хүргэж болно, айдас бидний залбирлыг илүү хүчтэй болгож болно, бардамнал бидэнд үйлчлэл хийхэд урам зориг өгч болно. Тэр ч байтугай цөхрөл хүртэл биднийг Бурхантай илүү ойртуулж, Түүнд өөрсдийгөө бүрэн даатгахад тусалж болно.
Нөгөөтээгүүр, сэтгэл хөдлөлийг Кришнагаас тусгаарлагдаж, үүнийг дарж нуух юм бол зүрх сэтгэл хатуу болж, бхактигийн эсрэг зүйл болох бодгаль бус үзэлд хүргэж болзошгүй. Эсвэл хожим нь гэнэт хүчтэй дэлбэрч, таамаглахын аргагүй үр дагаварт хүргэж болдог.
Сэтгэл хөдлөлийг эерэгээр ашиглаж болно
Бурханлаг амьдрал дахь сэтгэл хөдлөлийн үүргийг харьцангуй саяхнаас л манай хөдөлгөөнд нухацтай ярьж эхэлсэн. Үүнээс өмнө сэтгэл хөдлөлийг майа гэж үзэж, ерөнхийдөө дарж тэвчих хандлагатай байсан. Хэрэв хүн сэтгэл хөдлөлөө дарж, зөвхөн хуурай тэвчил хатамжил үйлдсэнээр Кришнаг хайрлах хайраа хөгжүүлдэг байсан бол энэ үнэхээр ашигтай наймаа байх байсан ч бодит байдал дээр энэ замаар явсан чин бишрэлтнүүд төдийлөн амжилттай байдаггүйг бид бодит амьдрал дээр харж байна. Ихэнхдээ тэд хөндий хүйтэн, бодгаль бус харилцаатай болдог бөгөөд зарим нь сэтгэлзүйн асуудалтай эсвэл хэсэг хугацааны дараа материаллаг амьдрал руугаа татагдан ордог.
Эерэг сэтгэл хөдлөлүүдийг, тухайлбал хайр болон нөхөрлөлийг бусад чин бишрэлтнүүдтэй харилцах, шүтээнд үйлчлэх зэрэг үйлд амархан ашиглаж болно. Гэхдээ хүсэл тачаал, уур хилэн зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийг ч зөв чиглүүлж чадах юм бол чин бишрэлийн үйлчлэлд ашиглаж болдог. Уур хилэнг ямар нэгэн зүйл бүтээх, өөрчлөх зэрэг өөрчлөлт авчрах хүч болгон ашиглаж болно, шаардлагатай тулаанд ч ашиглаж болно. Бид ямар нэгэн шударга бус зүйл эсвэл буруу үйлдэл хараад уур хүрэх үед үүнийг тухайн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлбэл маш бүтээмжтэй байж болдог. Үүнтэй адил, хүсэл тачаалыг гэр бүлийн амьдралд, хүүхэд төрүүлж өсгөхөд зөвөөр ашиглаж болно. Хүсэл тачаал ихтэй чин бишрэлтнүүд ихэнхдээ сайн нөхөр, сайн эхнэр болдог талтай. Гол зүйл нь үүнийг нууж дарах биш, харин зөвөөр ашиглах явдал юм. Энэ бол сэтгэл хөдлөлөө ариусгаж, аажмаар үүнийг Кришнатай холбох арга бөгөөд бурханлаг амьдралд амжилттай явах хамгийн агуу нууцуудын нэг юм.
Өөр нэг чухал зүйл бол сэтгэл хөдлөлөө удирдах болон дарж нуух хоёрын ялгаа юм. Нэг нь сэтгэл хөдлөлөө эергээр ашиглах үйл бол нөгөөх нь аюултай дадал юм.
Удирдах гэдэг нь сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөөд, оюунаараа үүнийг зөв чиглүүлэхийг хэлнэ. Гал байшинг шатааж болох ч, галыг дэнлүүнд хийж гэрэл болгон ашиглаж болно. Жишээ нь, бид нэг чин бишрэлтэнд уурласан ч, амьсгаа аван тайвшраад, асуудлыг дараа нь тайван байдлаар авч хэлэлцье гэж шийдээд, оронд нь уурынхаа эрчмийг сүмээ сайн цэвэрлэхэд ашиглаж болно. Энэ тохиолдолд буюу сэтгэл хөдлөлөө удирдана гэдэг нь намайг хүн уурлуулсныг, асуудал байгааг хүлээн зөвшөөрөх боловч маргалдахын оронд уураа эерэг зүйлд чиглүүлж, дараа нь тайвнаар ул суурьтай асуудлыг шийдвэрлэхийг хэлнэ.
Сэтгэл хөдлөлөө дарж нууна гэдэг нь тухайн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, оронд нь үүнийг өөрийн мэдэлгүй ухамсрынхаа гүн рүү түлхэхийг хэлнэ. Ингэснээр тэр сэтгэл хөдлөл алга болдоггүй, харин хогийн саванд цог хийх үед дөл нь тархсаар эцэстээ том түймэр болдог шиг хувирч өөрчлөгддөг. Ингэж дарж нуусан сэтгэл хөдлөлүүд хожим нь гэнэт аюултай байдлаар илэрч болно. Чин бишрэлтнүүд илэрхий шалтгаангүйгээр уурлах, сонин шалтгаанаар уналтад өртөх эсвэл зохисгүй үйл хийхийг бид хардаг. Энэ нь ихэнхдээ удаан хугацаанд дарж нуусан сэтгэл хөдлөлийн үр дүн байдаг.
Нөгөө тал
Эдгээрээс бид сэтгэл хөдлөл нь бурханлаг амьдралд чухал үүрэгтэй бөгөөд үүнийг хүчээр дарж нуух нь аюултай гэдгийг харж байна. Гэвч үүнд мөн өөр нэг тал бий.
Бидний гаргадаг ноцтой алдаа бол сэтгэлийн хөөрлийг чин бишрэлтэй андуурах явдал. Сэтгэл санааны хэлбэлзлийг эсвэл сэтгэл хөдлөлийн догдлолыг чин бишрэлтнүүд жинхэнэ бурханлаг ухааралтай андуурдаг. Киртаны дундуур уйлж болно, сэтгэл хөдлөлийн олон савлагааг мэдэрч болно, бусдад энэрэл хайрыг үзүүлж болно. Үүнийг бид чин бишрэлдээ би гүнзгийрч гэж бодоод дараа нь энэхүү сэтгэлийн хөөрөл нь намжин алга болох үед хоосрол мэдэрч, уналтад орох тохиолдол бий.
Чин бишрэлийн үйл хийсний үр дүнд ирдэг ариуссан сэтгэл хөдлөл болон зөв чиглүүлэх боломжтой энгийн материаллаг сэтгэл хөдлөлийн хооронд асар том ялгаа бий. Энэ нь шүтээнд амттан хийж өргөхөд зориулж авсан сүү, элсэн чихрийг шүтээнээс ирсэн маха-прасадтай харьцуулахтай ижил юм. Хүн энгийн сүү, элсэн чихэр идсэнээр Бурхан руу буцаж очихгүйтэй адил, ердийн сэтгэл хөдлөл үзүүлснээр бурханлаг ахиц гаргахгүй. Зөвөөр ашиглах юм бол сэтгэл хөдлөлүүд бидэнд тусалж чадна, гэхдээ тэр сэтгэл хөдлөлүүд Бурханыг хайрлах хайрын шинж тэмдэг биш.
Энгийн сэтгэл хөдлөлийг бурханлаг онгод хөөрөлтэй андуурах хамгийн том аюул нь, чин бишрэлийн үйлийн үр дүн бол эдгээр сэтгэл хөдлөл юм байна гэж үзэх үед бидний зорилго өөрчлөгдөж, жинхэнэ ахиц дэвшлийг хөгжүүлэхийн оронд зөвхөн ийм сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг нэмэгдүүлэх рүү чиглэж эхэлдэг. Ингэснээр хүн уй гашуу, баяр хөөр зэрэг материаллаг сэтгэл хөдлөлийг мэдрэхэд донтох бөгөөд энэ нь эцэстээ энэ нь нэг төрлийн сэтгэцийн өвчин болдог. Өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байсан эсвэл сэтгэцийн эмгэгтэй байсан чин бишрэлтнүүд өөрсдийгөө Кришнатай, мөн гопи нартай уулзаж байна гэж итгэж эхэлдэг тохиолдол ч бий. Энэ бол бидний хүрэхийг хүсэж буй цэг биш.
Бидний гаргадаг өөр нэг алдаа бол уй гашуу, гэмшил эсвэл цөхрөлдөө гацаж, үүнийгээ бурханлаг хүлцэнгүй байдал гэж андуурах явдал юм. Энэ нь мөн л зөвөөр чиглүүлэн ашиглаж болох материаллаг сэтгэл хөдлөлийг бурханлаг үйл явцын эцсийн үр дүнтэй андуурснаас үүддэг. Уй гашуу болон гэмшлийг бид ариун нэрийг илүү анхааралтай давтан унших, бурханлаг хөтөлбөрүүдэд оролцоход түлхэц болгон ашиглаж болно. Жишээ нь, энэхүү бурханлаг дадал үйлээрээ хүлцэнгүй байдал болон бусад жинхэнэ бурханлаг шинж чанаруудыг бий болгоход ашиглаж болно. Харин бид өөрийн бодолдоо автан, уй гашуу болон цөхрөлдөө эргэлдсээр сэтгэлээ ахин дахин ийм сөрөг мэдрэмжүүдэд автуулаад байх юм бол дараа нь салж гарахад хэцүү хортой хэв маягийг бий болгодог. Энэ нь биднийг Бурханы хайранд хүргэхийн оронд сэтгэцийн өвчинтэй болгох замд оруулдаг.
Эцэст нь, бидэнд байдаг хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл бол эсрэг хүйстэндээ татагдах татагдал бөгөөд үүнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Ганц бие амьдрал хүнд маш хүчтэй нөлөөтэй байж болно. Учир нь энэ биднийг бусад зорилгоо биелүүлэхэд тусалдаг. Жишээ нь, брахмачари амьдралд бид энэ эрчмээ чин бишрэлийн үйлчлэл болон бурханлаг дадалд чиглүүлэн ашигладаг. Зарим хүмүүс ийм бурханлаг дадлын үр дүнд хэдэн жилийн дотор хүсэл тачаалаа ариусгаж насан туршдаа ганц бие амьдарч чаддаг. Харин ийм зүйл болохгүй бол хэт төгс төсөөллөөсөө бууж, энэ эрчмээ гэр бүлийн амьдралд зөвөөр ашиглаж, гэр бүл зохиоход чиглүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн амьдралд хүсэл тачаалыг зөв чиглүүлэх нь зарчмын хувьд өөр зүйл биш юм. Хүн өдөржин бэлгийн зан үйл хийхийн оронд энэ эрчмээ үр бүтээмжтэй өөр үйлд чиглүүлж сурах ёстой. Гол ялгаа нь гэр бүлийн амьдралд хүсэл тачаалаа эрүүл бус аргаар гаргахын оронд тохиромжтой үед бэлгийн зан үйл хийх боломжтой байдагт оршино.
Шримад Бхагаватамын дөрөвдүгээр дуулалд гэр бүлийн амьдралыг хэрэм цайзтай зүйрлэдэг бөгөөд үнэнч хань ижлийг биднийг хүсэл тачаалын довтолгоонд бут цохигдохоос хамгаалдаг жанжинтай адил гэж тайлбарладаг. Энэ бол урам зориг авч болохуйц зүйрлэл бөгөөд гэр бүлийн амьдрал бол сэтгэл хөдлөлтэйгөө зөв харьцаж сурахад хэрэгтэй амьдралыг чухал хэсэг бөгөөд үүнийг тоохгүй орхигдуулж болохгүй билээ.