Хувь хүнийг хэт тахин шүтэхээс болгоомжил

Чаитанйа Чандра прабхугийн "Кришнагийн ухамсраар хичээллэж эхлэх үед хэн нэгэн надад үүнийг хэлж өгч байсан ч болоосой" номоос

5 өдрийн өмнө

Заримдаа хүмүүс Кришнагийн ухамсрыг хэт ягшмал байдлаар танилцуулдаг. Энэ нь дагалдагчид нь цэвэр чин бишрэлтэн гэж хүлээн зөвшөөрдөг тодорхой нэг "харизм"-тай удирдагчийг дагах ёстой эсвэл байгууллагын эрх мэдэлтнүүдийг сохроор дагах ёстой гэсэн ойлголт дээр тулгуурладаг.

Нэг талаас үзвэл бидний философи нь Кришнагаас эхлээд дээд эрх мэдэлтнүүдийг дагах дээр үндэслэдэг. Өөрөөсөө илүү дээд хүмүүсээс суралцахгүйгээр бид амьдралдаа юу ч бүтээж чадахгүй. Тэгвэл өөрийгөө танин мэдэхэд хүрэх тухай ярих ч хэрэггүй. Бид эхлээд эцэг эхээ даган дуурайж суралцаж, дараа нь сургуулийн багш нараа дагадаг, энэ үйл насанд хүрсэн хойно ч цааш үргэлжилдэг. Тэгвэл хамгийн нарийн төвөгтэй эрдэм ухаан болох бурханлаг амьдралд ч иймэрхүү байдлаар суралцах нь тийм гайхаад байх зүйл биш юм.

charismatic.png

Нөгөө талаас үзвэл Бхагавад-гитагийн 4.34 шүлгийн тайлбартаа Шрила Прабхупада сохроор дагах нь аюултай болохыг тайлбарладаг: “Энэ шүлэгт сохроор дагах болон утгагүй асуулт асуухыг аль алийг нь буруушаасан байдаг. Хүн бурханлаг номын багшаасаа хүлцэнгүй байдлаар эрдэм мэдлэг сонсохоос гадна мөн түүнээс тодорхой ойлголтыг авч, түүнд хүлцэнгүйгээр үйлчилж, асуулт асуух ёстой.”

Өөр нэг удаа тэрээр: “Та оюун ухаанаа ашиглаж түүнд өөрийгөө даатгах ёстой болохоос биш, оюун ухаанаа даатган өгөх ёсгүй.” хэмээн хэлсэн байдаг. Оюун ухаанаа ашиглалгүй хэн нэгнийг сохроор дагахыг зөвлөдөггүй билээ.

Шрила Бхактивинода Тхакура нэгэн Картабхажа хэмээх вайшнавын гаж урсгалыг тайлбарласан. Тэнд дагалдагчид нь гуругээ сохроор дагаж, гуругээ Бурханы хувилгаан хэмээн шүтдэг. Асуудал нь энэ урсгалын удирдагчид маш олон тохиолдолд замаасаа гажуудаж, ноцтой ёс суртахуунгүй үйлдлүүд хийж байсан ч дагалдагчид нь тэднийг Бурхан мэт үргэлжлүүлэн шүтсээр байсан. Нөхцөл байдал тодорхой болсон ч үргэлжлүүлэн шүтсээр байдаг.

Шрила Прабхупада биднийг сохроор дагаж болохгүй гэж хэлсэн. Бид үргэлж оюунаа ашиглаж, юу хийж байгаагаа ойлгож байх ёстой. Прабхупада Кришнагийн ухамсрын үйл явцыг өөрийн номуудад тайлбарлаж, жишиг стандартыг тогтоосноор бидэнд энэ замыг илүү хялбар болгож өгсөн. Хэрэв бид түүний тайлбарласан бурханлаг үйл явц болон тогтоосон стандартуудыг зөв ойлгож чадвал, бид ямар хүнээс суралцах ёстойгоо ойлгож, тийм чин бишрэлтнүүдийг олж чадна. Удирдагч хүнийг зөвхөн өндөр албан тушаалтай учраас дагах ёсгүй. Харин Прабхупадагийн номуудад дүрслэгдсэн үзэл санаа болон чанаруудын амьд биелэл болсон байх учиртай. Харин бид энэ бүх мэдлэгийг үл ойшоож, зөвхөн "харимз"-тай удирдагчийг сохроор дагаж эхлэх үед асуудлууд гарч эхэлдэг.

Хувь хүнийг тахин шүтэхдээ хүмүүс ихэвчлэн хамгийн хортой хүмүүст татагддаг нь нэг том асуудал. Ийм урсгал нь ихэнхдээ бурханлаг биш байдаг бөгөөд харин материаллаг ертөнцөд түгээмэл байдаг зарчим дээр суурилдаг. Энэ нь юу вэ гэвэл хүмүүс алдартай хүнээс ямар нэгэн ашиг хонжоо олохын тулд түүнийг тойрон хүрээлдэг болохоос биш хайраас болдоггүй. Ийм хүчирхэг хүнтэй ойр байх нь өөрсдийг нь мөн чухал хүн болгодог гэж дагалдагчид нь боддог. Иймээс удирдагчийгаа цэвэр чин бишрэлтэн хэмээн харуулах нь тухайн хүний эгоны нэг хэсэг болдог. Учир нь бүлгийн удирдагчийн ач холбогдол өсөх тусам ойр дотно дагалдагчийнх нь ач холбогдол мөн нэмэгддэг. Ийм эго бүхий орчинд зөрчил зайлшгүй үүсдэг бөгөөд удалгүй бусдад өгөх бус, харин бусдыг ашиглах хандлага давамгайлдаг.

Бид эргэн тойрны хүмүүсээсээ суралцдаг. Иймээс, хэрэв бид хортой хүмүүсийн эрх мэдэл, байр суурийн төлөө тэмцэлдэж, бусдыг хянахын тулд заль мэх, албадлага, доромжлолыг ашигладаг орчинд татагдан орвол бид мөн эдгээр хэв маягийг сурч, дараа нь Кришнагийн ухамсар ийм байх ёстой гэж бодож өөрсдөө ч үүнийг хэрэгжүүлж эхэлдэг. Ингэснээр олон жилийн турш бид өмнөх ачарья нарын бидэнд бэлдэж байсан зам мөртэй нийцэхгүй үйлийг хэрэгжүүлж, тэдний сургаалаас өөр философийг судлахад хүргэдэг бөгөөд энэ нь дараа нь засахад хэцүү, удаан хугацаанд үлдэх буруу ойлголтуудыг үүсгэж болдог.

Өөр нэг асуудал нь бид Кришнагийн ухамсрын оронд өөр зүйл хүлээн авах нь биднийг энэ үйлд итгэх итгэлийг алдуулж, цаашлаад Прабхупадад, бүр Кришнад хүртэл итгэх итгэлээ алдахад хүргэж болзошгүй явдал юм. Энэ бол хамгийн том эмгэнэл. Амттай сайхан сүүний оронд муудсан, эвгүй амттай цагаан шингэн уусан хүн жинхэнэ сүүг хожим нь олж авсан ч үүнийг амсахыг хүсэхгүй байж болохтой адил юм.

Жинхэнэ цэвэр чин бишрэлтнүүдийн эргэн тойронд ч хувь хүнийг тахин шүтэх хандлага үүсэж болох боловч ийм тохиолдолд маш том ялгаа байдаг. Жинхэнэ цэвэр чин бишрэлтэн дагалдагчдынхаа дутагдлыг ойлгож, зөв заавар өгч, тэднийг бурханлаг үйлд оролцуулан засаж залруулахын төлөө ажилладаг. Үүний үр дүнд дагалдагчид нь аажмаар ариусаж, сохроор тахин шүтэх шинж чанарууд нь аажмаар жинхэнэ чин бишрэлээр солигддог. Эхэндээ таагүй хатуу уур амьсгалтай байж болох ч дагалдагчдын материаллаг хандлагыг цэвэр чин бишрэлтний нөлөө даван гарахын хэрээр байдал аажмаар сайжирдаг.

Харин төгс бус хүмүүсийн эргэн тойронд үүссэн тахин шүтэх бүлгүүд цаг хугацаа өнгөрөх тусам улам дордох хандлагатай байдаг. Учир нь материаллаг шинж чанарууд нь аажмаар илүү давамгай болж эхэлдэг. Дагалдагчдынхаа дунд үнэмлэхүй эрх мэдэлтэй байх нь удирдагчийг эргэлзээтэй зуршлуудыг нууцаар хөгжүүлэхэд хүргэж болзошгүй бөгөөд ямар ч асуултгүйгээр дуулгавартай байхыг сурсан дагалдагчид үүнийг нь тоодоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам асуудал томорч, эцэстээ энэ нь олон нийтэд илж болж, шившиг болж хувирч магадгүй. Манай хөдөлгөөний хамгийн ноцтой тохиолдлуудын ихэнх нь ийм хэв маягийг дагасан байдаг. Хэрэв удирдагчийн хувийн зан байдал нь дагалдагчдын нь сурталчлахыг оролддог цэвэр ариун дүр төрхтэй нийцэхгүй байвал, энэ нь маш том анхаарах дохио юм.

Харизмтай удирдагчийг, ялангуяа буруу үйлдлийн шинж тэмдгүүд илэрч байх үед сохроор дагах нь биднийг Картабхажагийн зам руу оруулдаг. Энэ бол бидний явахыг хүсэх зам биш. Гэвч асуудал нь бид ихэнхдээ нөгөө тал руу туйлширч, эрх мэдэл гэсэн ойлголтыг бүхэлд нь үгүйсгэдэг бөгөөд энэ нь бүр ч илүү хор уршигтай байж болно.

Улс төрд заримдаа нэг хүнд бүх эрх мэдэл очдог. Энэ нь нэлээд асуудалтай. Гэхдээ төр засаггүй эмх замбараагүй байдлаас дээр. Сайн засаглал эдгээр хоёр туйлаас аль алинаас нь зайлсхийх ёстой. Нэг талаас бид замаасаа гажуудсан эсвэл унасан бурханлаг удирдагчдыг таньж, тэднээс татгалзаж сурах хэрэгтэй. Нөгөө талаас, жинхэнэ удирдагчдад итгэж, тэднийг дагаж сурах шаардлагатай. Энэ асуудал дээр тэнцвэртэй байж чадсан хүн л энэ бүх төөрөгдөл дунд зөв замыг олж чадна.

Ингээд бид Прабхупадын үүсгэн байгуулсан манай байгууллагын хамтын удирдлага болох ЖиБиСи-н тухай ойлголтод хүрч байна. Түүхэнд ЖиБиСи асуудалтай шийдвэр гаргаж байсан тохиолдлууд бий. Жишээлбэл, "Бүс нутгийн Ачарья" системийг нэвтрүүлсэн явдал. Гэвч нөгөө талаас, зөв хариулт нь тодорхойгүй байсан олон нөхцөлд тэд манай нийгэмлэгийг хамгаалж ирсэн. Хэрэв бид зөвхөн цэвэр чин бишрэлтнүүдээс бүрдсэн нийгэмлэг байсан бол магадгүй ЖиБиСи хэрэггүй байж болно. Харамсалтай нь бодит байдал тийм биш. Янз бүрийн ойлгомжгүй байдал, гажуудал, маргаан, хүчирхийлэл үүсэхэд эдгээр асуудлыг шийдвэрлэх хангалттай эрх мэдэл бүхий хүч байх шаардлагатай болдог.

Зохион байгуулалттай ямар ч нийгэмд удирдагч хэрэгтэй байдаг. Энэхүү удирдагч нэг хүн байж болно, эсвэл хамтран шийдвэр гаргадаг хэсэг бүлэг хүмүүс байж болно. Хэрэв төгс төгөлдөр ганц хүн байх юм бол тэр хүнд хэмжээлшгүй эрх мэдлийг өгч болно. Энэ нь ч илүү үр бүтээмжтэй. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй төгс төгөлдөр хүн эрх мэдлээ сайн зүйлийн төлөө ашиглана. Гэвч үнэмлэхүй эрх мэдэл хүнийг бохирдуулдаг бөгөөд бохирдсон удирдагч ийм эрх мэдлийг асар их хор хөнөөл учруулахад ашиглаж болно. Түүхээс харахад Кали-югад төгс удирдагчид маш ховор байдаг. Манай хөдөлгөөний түүхэнд ч гэсэн дагалдагчид нь төгс хэмээн хүлээн зөвшөөрч байсан удирдагчид хожим маш ноцтой ёс суртахуунгүй үйлдэлд холбогдсон тохиолдлууд бий.

Шрила Бхактивинода Тхакур энэ асуудлыг олж харсан тул уламжлалт нэг ачарьягаар удирдуулдаг тогтолцооны оронд, удирдах зөвлөлийг бурханлаг байгууллагын тэргүүн болгох үзэл санааг хөгжүүлсэн юм. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур биеэ орхихынхоо өмнө шавь нартаа өөрийг нь байхгүй үед Гаудия Матхаг авч явах удирдах зөвлөл байгуулахыг захисан. Тэрээр нэг ачарья байх ёсгүй гэсэн хүслээ тодорхой илэрхийлсэн байдаг. Шавь нар нь үүнийг хэрэгжүүлэхийг оролдсон боловч тухайн үед ийм удирдах зөвлөл байгуулахад гарсан асуудлуудыг шийдвэрлэх нь хэтэрхий хүнд байжээ. Эцэст нь тэд нэг ачарья сонгосон. Удалгүй тэрхүү “ачарья” хэмээн өргөмжлөгдсөн хүн замаасаа хазайснаар дараа дараагийн асуудлуудын эхлэл тавигдсан. Үүний үр дүнд Гаудия Матха олон жижиг байгууллагад хуваагдаж, дотоод зөрчил тэмцэл нь асар их хор уршиг авчирсан.

Шрила Прабхупада биеэ орхих үедээ шавь нартаа үүнтэй төстэй заавар үлдээж, өөрийг нь байхгүй үед чухал шийдвэрүүдийг хамтран гаргах ЖиБиСи буюу удирдах зөвлөлийг байгуулсан. Үүний цаад үндэслэл нь ойлгоход энгийн. Хэдийгээр бүлэг ахлах вайшнавууд алдаа гаргаж болох ч, ийм алдааны давтамж болон ноцтой байдал нь үнэмлэхүй эрх мэдэлтэй төгс бус ганц хүний гаргаж болох алдаанаас бага байдаг. Бид амьдарч буй цаг үеэ харгалзан үзвэл, манайх шиг дэлхийд тархсан нийгэмлэгийн хувьд энэ нь цорын ганц хүлээн зөвшөөрч болохуйц тогтолцоо юм.

Ийм тогтолцоо үнэхээр шаардлагатай юу, жижиг нийгэмлэгүүд орон нутгийн удирдагчдынхаа гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж болно шүү дээ гэж асууж болох юм. Үнэндээ энэ бол ихэвчлэн анзаарагддаггүй өнгөрдөг өөр нэг асуудал юм. Шрила Прабхупада үнэндээ манай хөдөлгөөнийг орон нутгийн удирдагчид нь асуудлаа зохицуулдаг, хагас бие даасан нийгэмлэгүүд дээр тулгуурласан байхыг хүсэж байсан. Төвлөрсөн байгууллагын санаа нь хожим зарим дагалдагчдаас гарч ирсэн юм. Прабхупада өөрөө энэ санааг эсэргүүцэж байсан.

Гэсэн ч Прабхупада ЖиБиСи-г хянагч байдлаар, асуудал буруугаар эргэх үед нөхцөл байдлыг засах эрх мэдэлтэй дээд байгууллага байхаар төсөөлж байсан. Орон нутгийн удирдагчид тухайн газрын чин бишрэлтнүүдийн хэрэгцээ шаардлагатай ойр байдаг учраас ихэвчлэн илүү сайн ажилладаг. Гэсэн ч асуудал үүсэх үед чин бишрэлтнүүд хандаж болох, мөн зайлшгүй гарч ирдэг санал зөрөлдөөний үед нэгтгэгч хүч болж чаддаг дээд түвшний эрх мэдэл мөн байх ёстой. Ингэж харахад энэ асуудал хоёр талтай болох нь ойлгогддог бөгөөд бид энэ хоёрын хоорондын тэнцвэрийг хадгалж чадахгүй үед асуудалд ордог.

Өөрөөр хэлбэл, манай хөдөлгөөн нь хагас бие даасан нийгэмлэгүүдэд тулгуурлах ёстой бөгөөд орон нутгийн чин бишрэлтнүүд шийдвэр гаргаж, нөхцөл байдлыг сайжруулах эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Гэвч нэгэн зэрэг бүхнийг хянаж, асуудал гарч ирэх үед засаж залруулах дээд түвшний эрх мэдэл мөн байх ёстой. Төвлөрсөн эрх мэдэл бүхий байгууллага нь орон нутгийн асуудалд хэтэрхий их оролцох ёсгүй. Гэвч үүний зэрэгцээ удирдлагагүй эмх замбараагүй ч байж болохгүй.

Манай нийгэмлэгт өнгөрсөн хугацаанд гарсан олон асуудал нь нэг эсвэл нөгөө туйл руу хэт хэлбийснээс үүдэлтэй байсан. Гэсэн хэдий ч бид аажмаар зөв тэнцвэрийг олоход ойртож байгаа нь харагдаж байна. Энэ нь манай хөдөлгөөнд дараагийн 10,000 жилийн турш нэгдмэл нийгэмлэг байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг олгоно.

5 өдрийн өмнө

Comments

Нэвтрэх
Илүү ихийг хийхийн тулд нэвтэрнэ үү
or