Цэвэр чин бишрэлтэн болохоос өмнө эхлээд нүгэлт амьдралаас салах хэрэгтэй

Гэр бүлийн амьдралд дарагдахын оронд бурханлаг дадлаа хийж, Бурхан руу аль болох хурдан буцах нь дээр биш гэж үү?

27 өдрийн өмнө
family-life.png

Бидэнд байдаг өөр нэг ташаа ойлголт бол гэр бүлийн амьдрал нь бурханлаг амьдралд саадтай, гэр бүлтэй байх нь ахиц дэвшил гаргахад удаан байдаг гэсэн ойлголт. Судар номууд дээр, ялангуяа Шримад Бхагаватам дээр гэр бүлийн амьдралыг сөргөөр тайлбарлаж, өөрийгөө ухаарахад нухацтай ханддаг хүмүүст огоорлын амьдралыг санал болгодог хэсэг олон байдаг. Үүнийг бодолцож үзвэл гэр бүлийн амьдралд дарагдах бодлоо бүрмөсөн орхиж, тэр цаг хугацаагаа бурханлаг дадлаа сайжруулахад зориулж, Бурхан руу аль болох хурдан буцахад зориулсан нь дээр биш гэж үү? Илүү их ач тус хүртэхийн тулд эрсдэл хүлээсэн нь дээр биш гэж үү?

Энэ асуултыг хоёр талаас харж болно. Нэг талаас харахад үнэхээр огоорсон хүн өмнөх амьдралаасаа туршлага болон огоорлыг авчирсан байдаг учраас гэр бүлийн амьдралыг алгасвал илүү дээр байж болно. Учир нь тийм хүн цагаа зөв ашиглаж, төрөлх бурханлаг дадлаа хөгжүүлэх чадвартай. Ерөнхийдөө энэ бол бурханлаг ахисан түвшинд хүрсэн хүмүүст зориулсан судар номын зөвлөдөг арга юм.

Харин энэ түвшинд хүрээгүй хүн ухаанаа хянахад бэрхшээлтэй тулгарна. Тийм хүн ухаанаа хянах, хүслээ дарахад эрч хүчнийхээ ихэнхийг зарцуулахаас гадна, эсрэг хүйстэнтэйгээ эрүүл бус харилцаа тогтоох магадлалтай. Ийм зүйлс нь сэтгэцийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй бөгөөд мөн ихэнх эрч хүчээ ухаан болон мэдрэхүйгээ хянан дарахад зарцуулах учраас энэ нь бурханлаг дадлыг сулруулна. Ийм нөхцөлд байгаа чин бишрэлтнүүд сэтгэлзүйн олон янзын асуудалтай болж, төдийлөн хурдан ахихгүй. Учир нь ийм нөхцөлд хүн тогтвортой биш байдаг учраас хэзээ ч унах аюултай.

Бхагавад-гита дээр Кришна мэдрэхүйгээ хянах хоёр замыг санал болгодог. Эдгээр нь өөрийн мөн чанарын дагуу үйл үйлдэх болон илүү дээд амтыг мэдрэх гэсэн хоёр зам юм. Харин Кришна зүгээр л хүчээр мөн чанараа хүчээр дарах арга замыг буруушаадаг. Тэр бол Бурханы Дээд Бодгаль, бүхнийг мэдэгч учраас Түүний зөвлөгөөг анхааран үзэх нь ухаалаг хэрэг биз ээ.

Өндөр түвшний чин бишрэлтнүүд бурханлаг амьдралын энэхүү дээд амтыг мэдэрдэг тул мэдрэхүйгээ хангах сонирхолгүй болсон байдаг. Харин энэ түвшинд хүрээгүй хүний хувьд өөрийн мөн чанарыг харгалзаж зохицуулалттай үйл үйлдэх буюу карма-йогийн системийг дагах нь зөв юм.

Бурханлаг амьдралын эхэн хэсэгт асар их урам зоригтой үе байдаг. Ахлах чин бишрэлтнүүдтэй харилцах, ном түгээх болон бусад үйлчлэл хийх, судар ном судлах, ариун газруудаар аялах, бүр тодорхой хугацаанд ашрамд амьдрах зэргээр энэ урам зоригоо ашиглан бурханлаг амьдралдаа эрчтэй ахиж болно. Гэвч анхны урам зориг буурч, ухаан бэрхшээл учруулж эхлэх үед туршлагатай хүмүүсийн удирдамжийг авч, гэр бүлийн амьдралд шилжих нь чухал.

Товчхондоо бид дараах гурван түвшний аль нэгэнд амьдарч болно:

a) Үнэхээрийн бурханлаг
b) Буянт
c) Нүгэлт

Гэр бүлийн амьдрал нь нүгэлт түвшинд байгаа хүнийг ухаан болон мэдрэхүйтэйгээ тэмцэн буянт түвшинд ахихад нь тусалдаг. Тэндээс дараа нь жинхэнэ бурханлаг түвшинд хүрэх боломжтой болж, эцэст нь жинхэнэ огооролд хүрэх зам нь нээгдэнэ.

Бид өөрсдийгөө маш их өндөр түвшний, цэвэр чин бишрэлтэн гэж бодох дуртай боловч үнэн хэрэгтээ бидний ихэнх нь маш нүгэлт ахуйгаас ирсэн. Бид эхний түвшинд бус, гурав дахь түвшинд байдаг. Бид бол Кришнагийн чин бишрэлтэн болохыг хичээж буй нүгэлтнүүд. Тиймээс бидний ихэнх нь жинхэнэ бурханлаг түвшиндээ хараахан тогтож чаддаггүй. Үүний зэрэгцээ сайн хань ижилгүй бол буянт түвшнээ ч хадгалж чадахгүй байх магадлал өндөр.

Гэр бүлийг маяа гэж боддог эсвэл хариуцлагаас айсандаа гэрлэхээс татгалзсан эрчүүд эцэст нь өөр өөр эмэгтэйтэй явалдаж, үүнтэй адил бодолтой эмэгтэйчүүд ч өөр өөр эрэгтэйтэй явалдах нь олонтоо харагддаг. Энэ бол бурханлаг бус, үнэндээ нүгэлт түвшинд байгаагийн шинж юм.

Гэр бүл нь хүнийг нүгэлт түвшнээс буянтай түвшинд дээшлэхэд нь туслахын тулд оршдог систем юм. Буянтай түвшинд хүн Кришнагийн ухамсрыг амжилттай дадлагажуулж, Бурханы зүг буцах илүү их боломжтой болдог.

things-i-wish-R7OYhC7DQmmmQHn5MWVjIu4L0u9yj0.jpg
27 өдрийн өмнө

Comments

Нэвтрэх
Илүү ихийг хийхийн тулд нэвтэрнэ үү
or