Толинд харагдаж буй энэ бие та мөн үү?

Өөрийгөө ухаарах аяллын эхний асуулт

ойролцоогоор 2 сарын өмнө
mirror.jpg

Би хэн бэ? Толинд харагдаж байгаа энэ махан бие би мөн үү? Эсвэл би өөр зүйл үү?

Хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг хэдэн мянган жилийн турш асуусан, асуусаар байна. Үнэндээ энэ бол бидний асуух ёстой хамгийн чухал асуулт юм. Учир нь бид хэн гэдгээ мэдэхгүйгээр амьдралдаа юу хийх ёстойгоо хэрхэн ойлгох билээ.

Бид ихэнх амьдралаа өөрсдийгөө энэ биеэ гэж бодсоор дуусгадаг. Гэхдээ өөрсдийгөө сайн ажиглах юм бол энэ ойлголт аажмаар нурж эхэлнэ.

Би хүүхэд байсан

Би өмнө нь хүүхдийн биед байсан. Гэхдээ тэр биеэс одоо юу ч байхгүй. Хүний биеийн бүх эс арван жилийн дотор өөр эсээр солигддог гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Тэгэхээр арван жилийн өмнөх биеэс одоо надад бараг байхгүй байх нь. Миний хэлбэр өөрчлөгдсөн, харагдах байдал өөрчлөгдсөн, дууны өнгө өөрчлөгдсөн, эд эс маань бүгд өөрчлөгдсөн.

Гэхдээ л энэ бүх өөрчлөлтийн дараа би өөрийгөө ижилхэн нэг л хүн гэж мэдэрч байна.

Бие маань өөрчлөгдсөн ч, энэ өөрчлөлтийг мэдэрч буй, туулж буй хүн өөрчлөгдөөгүй.

Хэрэв би үнэхээр энэ бие байсан бол бие маань өөрчлөгдөхөд би өөрөө ч гэсэн тэр чигтээ өөрчлөгдөх ёстой. Тэгсэн би гэгч нэг зүйл өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн.

Энэ бие хоол хүнснээс бүтдэг

Миний идэж ууж байгаа бүхэн миний биеийн нэг хэсэг болдог. Тэр хүнсийг идэхээс өмнө энэ надтай холбоотой байгаагүй. Харин идэж шингээсний дараа "миний" бие болдог.

Хэрэв миний бие үргэлж гаднын биетээс бүрэлдэж байдаг юм бол хэрхэн жинхэнэ "би" байж болох билээ. Хэрэв тийм гэж үзвэл би зүгээр л гаднын биетийн цуглуулга гэсэг үг үү?

Эсвэл энэ бүх өөрчлөлтийг дотроос харж мэдэрч байдаг өөр нэг зүйл үү?

Бид хэрхэн ярьдгаа анзаарвал...

Бид "миний гар", "миний тархи", "миний зүрх" гэж ярьдаг. "Миний" гэдэг үг бол би эзэн нь гэсэн үг, энэ надад харьяалагддаг зүйл гэсэн үг.

"Энэ бол миний машин" гэдэг шиг л. Гэхдээ бид хэзээ ч "Би бол энэ машин" гэдэггүй, "миний машин" л гэдэг.

Үүн шиг бид "миний бие" гэж ярьдаг учраас энэ бие бол бидэнд байдаг зүйл, харин би өөрөө биш гэдгийг бидний яриа илтгээд байх шиг.

Үхэл ирэх үед...

Хүн нас барах үед бие нь байж л байдаг. Гар нь, царай нь, тархи нь, зүрх нь яг хэвээрээ байж л байдаг. Гэхдээ бид "тэр маань биднийгээ орхиод явчихлаа" гэдэг.

Хэрэв хүн энэ бие байсан бол бид түүнийг байж л байна гэх байсан. Гэхдээ бид тэгдэггүй. Бид биетэй нь шууд л өөрөөр харьцаж эхэлдэг. Тэр биеэс нь нэг чухал зүйл яваад өгсөн байдаг.

Юу биднийг орхиод явчихдаг юм бэ?

Энэ биеийг амьд байлгадаг нэг зүйл байх шиг. Тэр зүйл яваад өгөнгүүт энэ бие зүгээр л нэг амьгүй матери болдог.

Хувцас шиг...

Энэ бие яг л хувцас шиг. Цаг хугацаа өнгөрөхөд бид хувцсаа сольдог. Хүүхдийн хувцас, том хүний хувцас, хөгшин хүний хувцас гэх мэт. Гэхдээ энэ хувцсыг өмсөн буй хүн хэвээрээ л байдаг.

Үүн шиг, бие солигдох үед ухамсарт хүн та үргэлжлэн оршсоор байдаг.

Дахиад асууя

Толинд харагдаж байгаа энэ бие та үнэхээр мөн үү?

Бие махбод байнга өөрчлөгддөг юм байна. Энэ бүүр гаднын биет болох хоол унднаас бүрэлддэг юм байна. Бид энэ биеэ өмчилдөг эд зүйл шигээ ярьдаг юм байна. Хүн нас барах үед бие нь байгаа ч хүн нь яваад өгдөг юм байна.

Энэ бүгдээс дүгнэж хэлэхэд:

Би энэ махан бие биш юм байна. Харин би энэ дотор оршдог ухамсартай амьд оршнол юм байна.

Энэ ухаарал бол зүгээр нэг философи биш. Энэ бүх зүйлийг өөрчилдөг. Бидний амьдралыг харах өнцөг, үхлийн төсөөлөл, айдас амжилтыг үзэх үзэл гэх мэт бүгдийг өөрчилдөг.

Би энэ бие биш юм бол, бусад хүмүүс ч гэсэн энэ бие махбод биш. Хүн бүрийн дотор илүү гүн гүнзгий өөр зүйл байдаг байх нь.

Тэгвэл дараачийн асуулт юу вэ?

Хэрэв бид энэ бие махбод биш юм бол, бид оюун ухаан уу?

Энэ талаар дараа ярилцъя.

ойролцоогоор 2 сарын өмнө

Comments

Нэвтрэх
Илүү ихийг хийхийн тулд нэвтэрнэ үү
or