hare-krishnadevoteesjapa

Сайн, муу жапа

Дваракадхиша Дэви Даси

Би жапа унших дуртай, гэхдээ зарим өдөр л. Харин бусад өдөр нь би жапагаа тэсэж байж л дуусгадаг. Жаргалд умбах юм уу уйтгарт автдаг мэт санагддаг. Сайн уншсан өдрүүдэд сэтгэл минь татагддаг. Кришна маш ойрхон, маш эрхэм санагддаг. Энэ нь Түүнийг харж, дуу хоолойг нь сонсдог гэсэн үг биш, шар мэдээнд дуртай олон нийтийг хөөргөхөөр сенсацтай зүйл бол байхгүй. Маш урт бэрх аяллын дараа гэртээ ирж байгаатай ойр тийм мэдрэмж. Ийм л тааламжтай мэдрэмж, зүгээр л эрих эргүүлж, маха мантраг хэмнэлтэй уншсанаар ирдэг. Харэ Кришна, Харэ Кришна, Кришна Кришна, Харэ Харэ/ Харэ Рама, Харэ Рама, Рама Рама, Харэ Харэ.

bestandworstjapa.jpeg

Гэвч муу уншдаг өдрүүд гэж байдаг. Харамсалтай нь, муу өдрүүд гэдэг нь хааяа нэг тохиолддог уналтыг үе биш юм. Муу уншдаг маш олон өдрүүд байдаг бөгөөд тэдгээрийг ангилж болно: өвчтэй өдрүүд, хүйтэн өдрүүд, нойрмог өдрүүд, завгүй өдрүүд, ганцаардмал өдрүүд, аялж буй өдрүүд, гунигтай өдрүүд, гэр орон замбараагүй өдрүүд, хамаатан гэрт зочилсон өдрүүд, зуны амралтын өдрүүд, олон юм бодсон өдрүүд, хэт олон хүүхдээр хүрээлүүлсэн өдрүүд, зул сарын баяр болон шинэ жилийн баярын хоорондох өдрүүд, эдгээр бол зөвхөн цөөхөн хэд нь. Ангилалд багтдаггүй, гэнэт л ирдэг тийм өдрүүд гэж бас байна.

Сайн жапад саад болдог ухаанд зориулсан аятайхан шалтаг үргэлж байдаг ч, яг анхааралгүй байх нь жапа уншихыг хэцүү даалгавар, тэсэж өнгөрөөх ажил мэт болгодог. Сайн жапа нь хамгийн гүн мэдрэмжид ханамж өгч байдаг. Хэдий тийм ч, ухааны ятгалга энэ ханамжийг эдлэх боломжийг ахин дахин хулгайлж байдаг.

Тэгвэл яагаад ухаанаа сонсох хэрэгтэй гэж? Ухааны зугаа цэнгэл сүнсээ тэжээн тэтгэх үйлээс минь холдуулж байгаа гэдгийг мэдсээр байж, яагаад үүний урхинд дахиж орно гэж? Эрүүл амьдралын зарим ач тусыг үзсэн ч, уух хүсэлдээ байнга ялагдаж, улмаар аажим аажмаар эрүүл болох ч хүслээ алдаж буй архичинтай намайг зүйрлэж болно. Архины боол болсны дараа энгийн буюу эрүүл төлөв байдал ч тийм хүсмээр санагдахаа больдог. Үүн шиг, анхааралтай уншсанаар ирдэг аз жаргалын энгийн төлөв байдал нь анхааралгүй уншаад хэвшчихээр мартагддаг. Жапа унших цаг нь яг л үзэгчдийнхээ сонирхлыг татах гэж есөн шидийн үзүүлбэр үзүүлэх гэж оролддог муу хошиг шогч шиг л ухаан тайзны төвд байрлах цаг болдог.

Хэн жапагаа ийм түвшинд хүртэл унагадаг байна гэж хэрэв та цочирдож байгаа бол та үүнийг алгасаад дараагийн нийтлэлийг уншиж болно. Та энэ хэсгийг унших шаардлагагүй, энэ үнэхээр цочирдмоор болно.

Уншсан тойргууд маань үнэхээр муу байх үед, би эдгээрийг уншихын ч үнэ цэн гэж байна уу гэж асуудаг. Би уншиж буй сэдлээ асууж эхэлдэг. Ямар ч чанаргүй байсан ч, арван зургаан тойрог уншиж байгаа гэсэн бардамналаа хадгалах гэж үү? Энэ бүхний үндсэнд, би ертөнцийн муу муухайг өөрөөсөө зайлуулах гэж уншдаг мухар сүсэгтэй юм болов уу? Жапа унших нь өөрийнхөө чин бишрэлтэн гэсэн байр сууриа хадгалж үлдэх, Кришнагийн сайн талд өөрийгөө тавих гэсэн арга юм болов уу? Иймэрхүү асуултууд урган гарж ирэхэд би ичгүүр сонжуур, цөхрөлд шигддэг. Ийм их алдастай уншиж байснаас жинхэнээсээ үнэнчээр уначихвал илүү дээр байж магадгүй гэж боддог.

Нэг найз маань надад, сатаарсан арван зургаан тойрог уншиж байснаас нэг сайн маха-мантра уншсан нь хавьгүй дээр гэж хэлж байсан. Би үүнийг сонсоод цухалдсан, яагаад гэвэл би хоосон уншилтаасаа үнэхээр гэмшиж байсан. Гэхдээ л би бүрэн санал нийлж чадаагүй. Би сахил хүртэхдээ арван зургаан тойрог уншина гэж амласан, тиймээс үүнийгээ больж чадахгүй. Нөгөөтээгүүр, мэдээж чин сэтгэлээсээ нэг удаа Кришнаг дуудах нь механик дуудлагаас илүү дээр. Хэдий тийм ч, хэрэв өдөрт нэг удаа мантрагаа дууддаг боллоо гэхэд энэ арван секундийн чин бишрэл хэзээ ч ирэлгүй өнгөрөх хэдэн өдрүүдийг ардаа орхих бол? Хэрэв арван зургаан тойргийн хугацаанд анхааралгүй байж, сатаарах амархан юм бол Кришнаг дуудах тэр жоохон хуваарьт боломжоо алдаж өнгөрөөх бүр илүү амархан байна.

Тиймээс анхааралгүй уншихад уншихаа болихоос өөр илүү дээр шийдэл байж л таараа. Энэ шийдэл бол өөрийгөө ганхаад эхлэхийг харах үед илүү тодорхой болдог.

Энэ бол тэмцлээ хэзээ ч орхихгүй байх. Өөрийгөө хангалттай жигшиж, зэвүүцэж, тойргоо илүү сайн сонсох гэж хичээх тэр цэгт үргэлж ирдэг. Энэ оролдлогыг хийх болгонд Кришна тэнд үргэлж байж л байдаг. Миний хамгийн дотнын найз үргэлж надад өмөг түшиг болж байдаг. Ноогдсон тойргуудаа сонсож эхлэх үед, дуртай газартаа буцаж ирж байгаа гайхалтай мэдрэмж үргэлж төрдөг. Хэрэв би эрхээ хажуудаа тавиад, уншихгүй байх нь муу уншсанаас дээр гэж бодох юм бол би энэ бүх сэтгэл хөдлөм гэртээ ирсэн мэдрэмжийг хэзээ ч мэдрэхгүй байх байсан. Шрила Прабхупада бидэнд дараах байдлаар урам зориг хайрладаг: "Бурханы Дээд Бодгаль Өөрөөс ялгаагүй энэхүү Бурханы ариун нэрсийг давтан дуудсанаар, хүний ухаан аяндаа Бурханы тухай бодолд умбадаг." (Шримад-Бхагаватам 4.8.44, тайлбар) Миний кармийн үнэн бодит байдал бол хүсэл тачаал болон үүнээс дор зүйлээр миний ухаан дүүрэн. Миний бурханлаг дадал бол энэхүү бохирдсон төлөвтэй нүүр тулж, үүнээс салах юм.

Тиймээс надтай ижилхэн асуудалтай бүх мантра уншигч нарт хандаж хэлэхэд, бүү няцагтун. Энэ гэмтлийг засахын аргагүй бол биш. Ээж аав нар хоёр настай хүүхдээ чимээгүй болгодог шиг, ухааныг чимээгүй болгодог хэд хэдэн арга мэхнүүд байдаг. Та нартай заримыг нь хуваалцъя.

Нэг арга нь та ухаандаа тойргоо дуусангуутаа түүнд бүрэн дүүрэн анхаарлаа хандуулна гэж амлах. Та асуудлаа тунгаан бодно, ярих илтгэлээ бичнэ, ирээдүйнхээ талаар санаа зовно, энэ бүгдийг бүх тойргоо дуусгасныхаа дараа хийнэ гэж амлах. Өөр нэг арга нь, зөвхөн арван мантраг л үнэхээр сайн сонсох. Дараа нь дахиад арвыг, тэгээд дахиад арвыг. Бүтэн нэг тойргийг сонсох гэж хичээ, нэг ч эрих алдалгүйгээр. Өөрийгөө сорь, хэрэв та тийм төрлийн хүн бол, үүнийг тоглоом болго. Өөр нэг арга бол эрихээ нэг минут тавиад, ухаанд тань юу байна, түүнийхээ талаар залбир. Тэгээд үүнийгээ явуулаад мантра уншихдаа анхаарлаа хандуул.

Арван зургаан тойргоо сайн уншихад хувийн дэглэмийн ач тусыг үнэлэхийн аргагүй. Тиймээс мантра унших сайн цагтай байх хэрэгтэй. Дутуу тойргууд маань ухааны минь ертөнцөд үүл мэт хөвөөтэй байж байдаг. Таны цагийн хуваарьтай таарч байвал, бүх тойргоо өглөөний тааламжтай үеэр уншиж дуусгавал хамгийн сайн.

Итгэж хүндэлж явдаг чин бишрэлтнүүдэд сэтгэлээ нээж, тэдний хэрэглэдэг тусгай аргуудыг асуу. Удалгүй та өөрийн гэсэн аргатай болно.

Жапа унших нь бидний гурудээ болон Кришнад үйлчлэх чин хүслийн хувь хүний үнэн илэрхийлэл юм. Бидний уншсан жапаны тойргийн чанарыг өөр хэн ч мэдэж чадахгүй. Жишээ нь, би л гэхэд маш сайн дүр эсгэж чадна. Хэрэв анхааралтай сайн уншдаг бол гаднаас багахан магтаал ирдэг. Гэхдээ Дээд Бурхан, бүхэл ертөнцийн эзнийг ханамжтай байлгах нь жинхэнэ шагнал учир гаднын тийм магтаал хэнд хамаатай юм.

Жапа гэж юу вэ? Жапа нь хүн мантра дээр ганцаараа төвлөрч бясалгахыг хэлнэ. Чин бишрэлтнүүд 108-тай эрих дээр Харэ Кришнаг давтан дуудаж уншдаг. Сахилтай чин бишрэлтнүүд эрих дээр хамгийн багадаа арван зургаан тойрог уншина гэж амлалт өгдөг.

The Best and Worst of Japa | Krishna.com

http://www.krishna.com/best-and-worst-japa