Чаитанйа Чандра прабхугийн "Кришнагийн ухамсраар хичээллэж эхлэх үед хэн нэгэн надад үүнийг хэлж өгч байсан ч болоосой" номоос

Кришнагийн ухамсраар дөнгөж хичээллэж байх үед бид бүх чин бишрэлтнүүдийг ихэвчлэн гэгээнтнүүд гэж боддог. Материаллаг нийгмийн асуудлуудтай харьцуулахад чин бишрэлтнүүдийн нийгэм нь Шрила Прабхупада номууд дээрээ тайлбарласан байдаг шиг төгс нийгэм мэт санагддаг.
Харин цаг хугацаа өнгөрөх тусам бид чин бишрэлтнүүдэд ч гэсэн дутагдалтай талууд байгааг анзаарч эхэлдэг. Бүх чин бишрэлтнүүд эелдэг байдаггүй; хүн бүрд таагүй өдөр тохиолддог, мөн хүн бүр зуун хувь үнэнч байдаггүй. Үнэндээ, энгийн материаллаг харилцаанд тулгардаг олон асуудал чин бишрэлтнүүдийн хүрээнд ч мөн илэрч болно. Энэ бол жам ёсны зүйл: чин бишрэлтнүүд ч гэсэн энгийн хүн бөгөөд хэдэн жил мантра давтан уншлаа гээд шууд автоматаар бүрэн дүүрэн бурханлаг болчихгүй.
Гэхдээ биднийг жинхэнээс сорьдог зүйл бол хорь, гуч, бүр түүнээс ч олон жил хичээллэсэн ахлах чин бишрэлтнүүд өөрсдийн байр суурьд нийцэхгүй байдлаар авирлахыг харах юм. Тэд хүлцэнгүй биш, анхаарал тавьдаггүй, харилцааны асуудалтай, бодгаль бус эсвэл үл тоомсорлосон, энэрэл нигүүлсэл багатай, бусдыг ойлгох чадвар сул байж болно. Ийм үед бид итгэлээ алдалгүйгээр үүнийг хэрхэн зөвөөр ойлгох вэ?
Муу жишээнээс ч бас суралцаж болно
Эхний ойлгох ёстой зүйл бол хүн бүр алдаа гаргаж болно, гэхдээ алдаа гэдгийг юу гэж тодорхойлохоос шалтгаална. Заримдаа Кришнаг хүртэл амлалтаа зөрчсөн, олон эхнэр авсан гэж шүүмжилдэг. Энэ нь өнгөц байдлаар дүгнэвэл Дээд Бурханыг хүртэл буруу ойлгож болдгийг харуулж байна. Тэгвэл нөхцөлдсөн сүнснүүдийн талаар юу хэлэх вэ?
Бурханлаг замд ахих тусам хүн урьдынхаасаа бага алдаа гаргах ёстой боловч маш өндөр түвшинд хүрэх хүртлээ хүн алдаа гаргасаар байдаг. Тэр байтугай, жинхэнэ ариуслын түвшинд хүрсэн ч бусад хүмүүс түүний хийсэн үйлийг, сэдэл санааг нь буруу ойлгож алдаа гаргаж байна гэж харж болно. Жишээ нь, Шрила Прабхупадыг эмэгтэйчүүд болон зарим нийгмийн асуудлууд дээр хэлсэн үгсийнх нь төлөө, ихэнхдээ нөхцөл байдлыг нь ойлгоогүй хүмүүс шүүмжилдэг байсан.
Бидэнд хэрэгтэй илүү тустай арга бол шүүхээсээ илүү ажиглах юм. Заримдаа ахлахууд бидэнд танил биш өөр зарчим дээр тулгуурлаж, бидний мэдэхгүй өөр чухал мэдээлэлд үндэслэн үйл хэргээ хийж байж болно. Үүнийг ажигласнаар бид шинэ зүйл сурч болно. Заримдаа тэд хүний төгс бус чанараас шалтгаалан алдаа гаргаж болно. Бид өөрсдийгөө хангалттай хэмжээнд шинжиж чаддаг бол үүнээс ч гэсэн ямар нэгэн зүйлийг сурч болно.
Брахма Тэнгэр нэг удаа хэл ярианы гол шүтээн болох Ваак нэртэй охин тэнгэрийг бүтээжээ. Яагаад ч юм, Брахма түүнд татагдан, араас нь дагаж эхэлсэн бөгөөд үүний улмаас Маричи болон бусад хөвүүд нь эсэргүүцлээ илэрхийлсэн. Бидэн шиг бүдүүн баараг биетэй биш Брахма мэт агуу бодгаль ийм байдалд орох боломжтой гэдгийг ойлгоход хэцүү боловч Шрила Прабхупада нэг тайлбартаа дараах боломжит тайлбарыг өгдөг:
Брахма өөрийн хүмүүстээ эмэгтэйчүүдтэй харилцахад хүний сул талууд ямар байдгийг анхааруулахыг хүссэн байж болох юм. Өөрийгөө ухаарах замд байгаа хүмүүст энэ нь үргэлж маш аюултай байдаг. Иймээс Брахма мэт агуу бодгалиуд, буруу мэт харагдах үйлдэл гаргасан ч тэднийг үл ойшоох ёсгүй бөгөөд Маричи тэргүүтэй агуу гэгээнтнүүд ч түүнийг ер бусын үйлдлийнх улмаас ямар ч үл хүндэтгэл үзүүлээгүй билээ.
Брихад-Бхагаватамрита сударт Шрила Санатана Госвами агуу бодгалиуд заримдаа бидний ч гаргаж болох алдаа болон түүний үр дагаварт бидний анхаарлыг хандуулахын тулд алдаа гаргадаг гэж дурдсан байдаг. Брахма охиндоо татагдаж хөвгүүдийнхээ зэмлэлд өртсөн, Бхарата Махараж бугад хэт татагдсанаас болж Бурханы оронд буцаж очихоосоо өмнө дахин хоёр төрөл авахад хүрсэн гэх мэт.
Бусдын хүндэтгэлийг хүлээсэн чин бишрэлтнүүд бидний төлөө хүний гаргадаг алдааг гаргаж байгаа гэсэн өнцгөөс харах нь маш сайн хандлага юм. Хэрэв бид ахлахуудын алдаанаас суралцаж, ирээдүйд ижил алдаа гаргахаас өөрсдийгөө хамгаалж чадвал энэ нь гарцаагүй эерэг зүйл бөгөөд бид тэдэнд талархах учиртай.
Гэхдээ, үүнийг бусдад ноцтой хохирол учруулсан, урьдаас төлөвлөсөн санаатай хийсэн эсвэл удаа дараа давтагдсан алдсыг зөвтгөх шалтаг болгож болохгүй. Эдгээр нь огт өөр ангилалд хамаарах асуудлууд юм.
Нөхцөлдсөн мөн чанар
Дараагийн ойлгох ёстой зүйл бол бидний нөхцөлдсөн мөн чанар. Цөөн хэдэн тохиолдлыг эс тооцвол, бид энэ ертөнцөд амьдарч л байгаа бол бидний төрөлт, хүмүүжил, өнгөрсөн туршлага, сэтгэл зүйн гэмтэл зэргийн үр дүнд олж авсан материаллаг бие болон нөхцөлдсөн мөн чанараараа Кришнад үйлчилдэг. Чин бишрэлтэн бүр Кришнагийн ухамсарт тодорхой нэг "ачаа"-тай ирдэг бөгөөд бурханлаг дадал үүнийг аажмаар ариусгадаг ч зарим мөн чанарууд өөрчлөгдөх хурд болон дараалал нь харилцан адилгүй байдаг.
Зүрх сэтгэлийг аажмаар ариусгадаг анартха-нивритти үйл явц нь тийм ч хурдан, эсвэл нэгэн жигд явагддаггүй. Хүн мансуурах зуршлаа хаяж чадсан ч бардам зантайгаа тэмцсээр байж болно, эсвэл хүсэл тачаалаа ялан дийлсэн ч хатуу ширүүн үг хэллэгтэй байх жишээтэй. Кришнагийн ухамсраар хичээллэж буй хэн боловч өмнөхөөсөө илүү сайн хүн болох нь гарцаагүй ч, энэ нь хаанаас эхэлсэн болон хэр хурдан ахиц дэвшил гаргаж байгаагаас хамаардаг.
Зарим шинж чанарууд маш гүнзгүй холбогдсон байдаг тул чин бишрэлийн дадлаар хичээллэж ахисан түвшинд хүрсэн ч өөрчлөгдөхгүй байх тохиолдол бий. Зарим нь хэт оюунлаг, зарим нь нийгмээс тусгаарлагдмал, зарим нь сэтгэл хөдлөлийн хувьд хүйтэн хөндий эсвэл бусдыг ойлгох чадвар дутмаг гэх мэт байж болно. Хэрэв тодорхой нэг зан чанар тухайн хүний төрөлх мөн чанарт маш гүн суусан бол олон арван жил хичээллэсний дараа ч хэвээр байж болно.
Ийм тохиолдолд тухайн шинж чанараа бүрмөсөн хаях бус, харин үүнийгээ үйлчлэлдээ ашиглаж, аажмаар ахих арга замыг олох ёстой байдаг. Жишээлбэл, нийгэмд бусадтай харилцах чадвартаа дутмаг хүн тарни унших эсвэл судар ном судлахад бүрэн автаж, үүнийгээ үйлчлэл болгож болно. Бид ихэнхдээ мөн чанараа өөрчилж чаддаггүй бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч, Кришнатай холбож сурах хэрэгтэй болдог.
Өөр нэг анхаарах зүйл бол амьдралд бид хагацал, урвалт гэх мэт хүнд хэцүү нөхцөл байдалтай олонтоо тулгардаг бөгөөд биднээс удаан амьдарсан хүмүүс ихэвчлэн илүү хүнд ачааг үүрч явдаг. Олон жилийн турш чин бишрэлийн замаар явсан хүмүүс эдгээр зүйлийг илүү их туулсан байдаг бөгөөд энэ нь тэдний бусадтай харилцах харилцаанд арилшгүй ул мөр үлдээсэн байж болно.
Дэлхийн түүх болон манай хөдөлгөөний түүхэнд сонсоход л сэтгэл өвтгөм олон үйл явдлууд байдаг; тэгвэл тэр бүхний дунд биеэрээ байсан хүнд энэ бүхэн ямар нөлөө үзүүлснийг бид төсөөлж л чадна. Ихэнхдээ чин бишрэлтнүүд нийгэмтэй харилцах нь үнэ цэнгүй зүйл гэж дүгнэн өөрийгөө тусгаарлах, эсвэл хүмүүст итгэхээ болих тохиолдол гардаг. Ийм нөхцөлд тэд дотооддоо бурханлаг дадлаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байдаг ч, гадаад байдал нь тийм ч найрсаг бус байж магадгүй. Бид ийм хүнтэй тааралдахдаа тэдний ийм байгаа нь тодорхой шалтгаантай байж болохыг санахад илүүдэхгүй биз ээ.
Бхагавад-гита дээр Кришна энэрэнгүй талаа харуулж, ийнхүү айлдсан байдаг: “Хэдийгээр хүн хамгийн жигшүүртэй үйлдэл хийсэн байлаа ч, хэрэв тэр чин бишрэлийн үйлчлэлдээ тууштай шамдаж байгаа бол түүнийг ариун гэгээн хүн хэмээн үзэх хэрэгтэй. Учир нь тэрээр өөрийн шийдвэр эрмэлзэлдээ зөв батажсан байна. Тэр удалгүй зөв шударга болж, мөнхийн амар амгаланг олох болно. Ай Кунтийн хүү минь, Миний чин бишрэлтэн хэзээ ч мөхдөггүй гэдгийг чангаар тунхаглагтун.”
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хүн хэдийгээр олон янзын материаллаг дутагдалтай ч, хэрэв тухайн хүний оршихуйн гол цөм нь Бурханд зориулсан чин бишрэлтэй хэвээр байвал Кришна түүнийг хүлээн зөвшөөрсөөр байдаг бөгөөд бурханлаг ахиц дэвшил нь ч үргэлжилсээр байдаг. Үүнд цаг хугацаа орж болох ч, Кришнагийн хамгаалал дор хүн эцэстээ зорьсон газартаа хүрдэг.
Индра тэнгэр жишээлбэл хэд хэдэн маш ноцтой алдаануудыг гаргасан. Өөрийн бурханлаг номын багш Вишварупаг хөнөөсөн. Тэр байтугай Вриндаваныг Кришнагийн бүх дагалдагчдын хамт устгахыг оролдсон. Гэсэн хэдий ч Кришна түүнийг чин бишрэлтэн хэмээн хүлээн зөвшөөрч, түүнд тусалсаар байдаг билээ.
Товчхондоо бол, энэхүү нөхцөлдсөн мөн чанараас ангижрах үйл явц бидний анх төсөөлж байснаас хамаагүй удаан үргэлжилдэг. Ер нь бол хэд хэдэн төрөл ч дамжин үргэлжилдэг. Тиймээс хүн хэдэн олон арван жил хичээллэсэн ч таагүй зан чанартай байх нь гайхах зүйл биш юм. Зарим хүн хурдан ахидаг бол зарим нь удаан байдаг; хувь хүн бүр өөрсдийн хурдаар ахидаг.
Чин бишрэлтэн бүр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай байдаг тул эдгээрийг бүхлээр нь харах нь бидэнд тустай. Магадгүй ширүүн зантай ч түүнд найдаж болдог, эсвэл зожиг боловч судар номыг гаргууд мэддэг байж болно. Амархан өөрчлөхөд хэцүү гадаад төрх байдал, зан авир дээр үндэслэн шүүмжлэхийн оронд тэдний Кришнад үйлчлэх чин сэтгэлийг нь олж харах нь бидний харилцааг илүү хялбар болгодог.
Бид ахлах чин бишрэлтнүүдийг нөхцөлгүйгээр дагах ёстой үлгэр жишээ гэж харахаас илүүтэйгээр, "хүн" гэдэг утгаар нь харж эхлэх үед тэдний дутагдал анзаарагдахаа больдог. Яг л бусад хүмүүс бидний алдаа дутагдалд хүлээцтэй хандаж, үүнийг бага анзаараасай гэж бид өөрсдөө хүсдэгтэй адил юм.
Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой түүхийг Махатма Прабху ярьсан байдаг. Нэг чин бишрэлтэн бурханлаг орон Голока Вриндаванад очоод, тэнд хэзээ ч очиж чадахгүй байх гэж бодож байсан хүмүүсээ хараад маш их гайхжээ. "Энэ яаж ирсэн юм бол? Бусдад хэзээ ч найрсаг хандаж байгаагүй тэр хүн, эсвэл ямар ч чин сэтгэлгүй мэт харагддаг байсан тэр, бүр сүмээс мөнгө хулгайлж байсан хүн хүртэл энд ирсэн гэж үү?" хэмээн тэрээр гайхширав. Гэтэл нөгөөх хүмүүс нь ч гэсэн түүнийг тэнд байхыг хараад адилхан гайхсан; тэд ч бас түүнийг хэзээ ч энд хүрч ирж чадахгүй байх гэж боддог байжээ!
Хүлээлтээ өөрчлөх
Эцэст нь, өөр нэг чухал хүчин зүйл бол бидний хэвшмэл ойлголт юм. Заримдаа бид "цэвэр чин бишрэлтэн" гэж хэн байх ёстой талаар өөрсдийн гэсэн хүлээлттэй байдаг: хязгааргүй энэрэнгүй, үргэлж нээлттэй байдаг, дөлгөөн, ямар ч өө сэвгүй гэх мэт. Гэвч бодит байдал илүү ээдрээтэй байдаг.
Ихэнхдээ тухайн хүн маш их хариуцлага үүрч, цаг наргүй ажилладаг байж болно. Прабхупада анх хөдөлгөөнөө байгуулахаар хичээж байх үедээ илүү их чөлөөт цагтай байсан тул хүмүүстэй уулзахад үргэлж бэлэн байдаг байв. Харин хожим нь тэрээр ном бичих болон илүү тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд илүү ач холбогдол өгөх болсон тул өмнөх шигээ хүнтэй уулзах боломжтой байхаа больсон. Шавь нар нь хүртэл богинохон уулзахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болсон.
Цэвэр чин бишрэлтнийг тодорхойлох гол чанар бол тэрээр үргэлж Кришнад үйлчилж байдаг. Бусад зан чанар нь янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байж болно.
Эцэст нь хэлэх нэг зүйл бол, бид ямар ч ахлах чин бишрэлтнийг, ядаж л тэд биднээс олон жилийн турш ариун нэрийг уншиж байгааг нь үнэлж хүндлэх ёстой боловч, өөрт таалагдахгүй байгаа эсвэл итгэхгүй байгаа хүмүүстэйгээ заавал ойр байх эсвэл тэднээс заавар зөвлөгөө авах албагүй юм. Энэ хоёр зүйл заавал хамт байх албагүй.
Хүндэтгэлийг хүн бүрд үзүүлэх ёстой, гэхдээ бид аль чин бишрэлтэнтэй илүү ойр дотно харилцахаа өөрсдөө сонгох эрхтэй. Бид цагдааг хүндлэх ёстой ч, энэ нь түүнтэй нэг гэрт хамт амьдрах ёстой гэсэн үг биш шүү дээ. Бид үзэл бодол нийлэх болон бусад хүчин зүйл дээр үндэслэн найз нөхдөө сонгодог шиг, аль ахлах чин бишрэлтнүүдтэй ойр байхаа ч мөн сонгож болно. Бид энэ хоёр хүчин зүйлийг зааглаж, хүмүүсийг зайнаас хүндэтгэж сурах үед бүх зүйл илүү хялбар болдог.
Харанхуйгаас хол бай
Иймэрхүү нөхцөл байдалд хамгийн чухал зүйл бол өөрийн ухамсарт сөргөөр нөлөөлөх сөрөг хандлагыг нэмэхээс зайлсхийх явдал юм. Уур хилэн, үзэн ядалтыг тэтгэх нь өөрөө хор уучхаад өөр хэн нэгнийг үхнэ гэж хүлээхтэй адил юм. Эдгээр бол биднийг өөрсдийг маань хордуулдаг зүйлс билээ.
Бид энэ замаар явахдаа бүх зүйлийг маш хурдан нэгтгэн дүгнэж, хүн бүр тийм байдаг, энэ үйл явц үр дүнгүй, эсвэл удирдах албан тушаалд заримдаа үлгэр жишээ бус зан чанартай хүмүүс байдгаас байгууллага бүхэлдээ ялзарсан гэх мэтээр бодож эхэлдэг. Энэ нь биднийг тусгаарлагдмал байдалд оруулж, шүүмжлэгч болгодог. Тиймээс хүлээлтээ тохируулж, бүх зүйлийг нэг хайрцагт хийж шүүхээс зайлсхийх нь бидэнд урт хугацаандаа маш их тустай.
Бид бусдын бус, харин өөрсдийн хийсэн үйлдлийнхээ төлөө л хариуцлага хүлээдэг. Хэрэв хэн нэгэн хүн, ахлах ч бай үгүй ч бай, зохисгүй үйлдэл гаргаж байгаа бол тэр хүн өөрөө л түүнийхээ хариуцлагыг хүлээх болохоос бид түүний хариуцлагыг үүрэхгүй. Тиймээс сэтгэлээ чилээж, бухимдах шаардлага байхгүй. Иймэрхүү сөрөг үр дүнг нь ажигласнаар бид тэрхүү муу жишээнээс суралцаж болох бөгөөд энэ нь биднийг өсөж хөгжихөд тусалдаг.
Чин бишрэлтнүүд яг л бидний адил аяллынхаа дунд яваа хүмүүс юм. Нөхцөлдсөн мөн чанар, өнгөрсөн амьдралын шарх сорви, өөр өөр араншин зэрэг нь чин бишрэлтнүүдийн гадаад төрх байдлыг тодорхойлдог. Тэр байтугай ахисан түвшний чин бишрэлтнүүд ч бидний гэгээнтэн гэж төсөөлдөг хүлээлтэд үргэлж нийцэх албагүй.
Хамгийн гол нь тэдний энэхүү үйлд зориулж буй хичээл зүтгэлийг нь хүндэлж, давуу болон сул талуудаас нь суралцаж, итгэл бишрэлээ Кришнаг тахин шүтэхэд, ариун нэрийг давтан дуудах, гүн ухааныг ойлгож мэдэхэд төвлөрүүлэх явдал юм. Хэт ихээр хувь хүн эсвэл гадаад дүр төрхөд анхаарал хандуулахын оронд бурханлаг мөн чанараа эрхэмлэх нь чухал билээ.
Хүлээлтээ өөрчилж, туйлширсан дүгнэлт хийхээс зайлсхийснээр бид өөрсдийн бурханлаг дадлаа тууштай үргэлжлүүлж чадна. Ингэж чадвал бусдын төгс бус байдал нь бидний итгэл үнэмшлийг ганхуулах бус, харин бидэнд тэвчээр, хүлцэнгүй даруу зан зэрэг чухал сургамжуудыг зааж өгөх болно.