mahabharatakarna

Карнагийн уг гарал

Кунтибхожа хаанд нэг удаа агуу гэгээнтэн Дурваса зочилжээ. Түүнийг хааны ордонд хэдэн өдөр байхад, тэр үед залуу охин байсан Кунти түүнд дагалдан үйлчилж байв. Түүний чамбай үйлчлэл, хүлцэнгүй даруу байдал гэгээнтний таалалд нийцэв. Тэгээд түүнд аль ч бурхныг залж, хүслээ гүйцэтгүүлэх хүчтэй тарни өгөв.

Гэгээнтнийг явсны дараа, Кунти өрөөндөө ганцаараа сууж байв. Тэр цонхоор ширтэж, мандаж буй нарыг харав. Гэнэт тэр өөрийгөө далдын хараатай болсноо олж мэдэв. Тэр нарны бодгаль дүрийг харж чадаж байв. Гэрэл цацарсан, үзэсгэлэнт сахиусан тэнгэрийг хараад ухаан нь түүнд татагдав. Тэр гэгээнтний өгсөн тарнийг бодов. Энэ үнэхээр үнэн болов уу? Нарны бурхныг өөрийн биеэр нь залж чадах болов уу? Сурйаг бодон охин тарниа уншив. Сурйа өрөөг хурц гэрлээр дүүргэн охины өмнө илэрч, түүнийг гайхшируулав. Хайлсан алт шиг өнгө төрхтэй, гялалзсан олон бугуйвч, титэм зүүсэн тэр тэнгэр - гайхсан охин руу инээмсэглэв. "Надаар юу хийлгэмээр байна?" гэж тэр асуув.

Кунти бурхны өмнө бараг л дагжин чичирч байв. "Ай тэнгэр минь, ирсэн газар луугаа буцаад явна уу," гэж ичингүйрсэн хоолойгоор хариулав. "Хүүхдийн сониуч зангаасаа болж би таныг дуудав. Бодлогогүй үйлдлийг минь өршөөж хайрла."

"Ай гоолиг бэлхүүст охин минь, би хүссэний чинь дагуу буцъя, гэхдээ би чамд ямар нэгэн зүйл хийж өгөх ёстой. Энэ айлчлалыг дэмий хоосон өнгөрөөх нь зохисгүй. Бурхдын үйл үргэлж үр жимжээ өгдөг нь үнэн. Чи намайг хүссэн. Тиймээс би чамд биедээ хуягтай, бүрэн хүчийг түүнд хайрлах шидэт ээмэгтэй сүр жавхлант хүүхэд хайрлая."

Түүнийг ийнхүү айлдах үед, Кунти үнхэлцгээ хагартал айв. "Охин минь, би чамайг таалсныхаа дараа л явна. Үгэнд минь орж, хүслийг минь гүйцэлдүүлэхгүй бол би чамайг, эцгийг чинь, чиний араншныг мэдэлгүйгээр чамд энэ тарнийг өгсөн бярманыг би хараах болно."

Бусад бурхад түүнийг хэцүү нөхцөл байдалд орсныг нь хараад шоолж байгаа гэж Кунтид хэлэв. Энэ охин сэтгэлээсээ түүнийг хүсэмжилсэн ч, одоо түүнийг буцааж байна. Тэр түүнд хүү өгөлгүйгээр буцахгүй.

Кунти цөхөрсөн хоолойгоор хэлэв. "Ай туяан эзэн минь, та өөрийнхөө орон руу буцна уу. Ийм харгислал танд тохирохгүй нь лавтай. Би гэрлээгүй охин тул ёс төртэй гэрлэхээсээ өмнө, эр хүнд өөрийгөө даатгаж чадахгүй. Эцэг, эх, бусад ахмадууд маань надад өөр эр хайрлах ёстой. Би цэвэр ариун байдлаа орхихгүй. Энэ ертөнцөд, биеэ цэвэр ариун байлгахыг эмэгтэй хүний хамгийн дээд үүрэг гэж үздэг билээ."

Хүүхдийн гэнэн зангаар тэр тарнийг хэрэглэж үзсэн гэдгээ Кунти дахин тайлбарлав. Түүнийг өршөөж, буцна уу хэмээн бурхнаас гуйв.

Сурйа зөөлөрсөнгүй. "Чамайг жоохон охин болохоор чинь би аль хэдийн хүлээцтэй хандаж байна. Өөр хүн байсан бол намайг ингэж доромжилсных нь төлөө шийтгэх байлаа, харин оронд нь би чамд над шиг хүчирхэг хүүг хишиг болгон хайрлах гэж байна. Чамайг таалалгүй буцвал, тэнгэрүүд дунд би элэг доог болно. Тиймээс, надад өөрийгөө даатгаж, бүх ертөнцөөр шагшин магтах хүүг хүлээн авагтун."

Нүгэл үйлдэхээс эмээн, Кунти түүнийг олон дахин зорилгоос нь ганхуулахыг хичээсэн боловч, тусыг эс олов. Сэтгэл нь хөдөлсөнгүй. Эцэст нь тэр, "Ай ертөнцийн эзэн минь, би нүглээс, мөн олон нийтийн шүүмжлэлээс хэрхэн аврагдах вэ? Гэр бүлийнхээ нэр төрийг хэрхэн хамгаалах билээ? Танд өөрийгөө даатгах нь судар бичигт буруу мэт санагдаж байна. Цэвэр ариун байдлаа гээлгүйгээр үүнийг хэрхэн үйлдэх талаар зааж өгнө үү. Ариун ёс журам, нэр төр, бүх оршихуйн амьдрал үнэхээр танаас хамаардаг нь дамжиггүй. Таны санал ариун ёс журамтай хэрхэн нийцэж байгааг хэлж хайрла."

Түүнтэй хурьцалд орсноор нүгэл хураахгүй гэдгийг Сурйа батлав. "Бүгдэд сайн сайхныг хүсдэг би, зовлонд л хөтөлдөг нүгэлт үйлийн учир шалтгаан болно гэж үү? Бүү айгтун. Надтай нэгдсэнийхээ дараа ч, чи онгон хэвээр байна. Ай үзэсгэлэнт охин минь, эргэлзэх хэрэггүй."

Амлалт авч, сонголтгүй үлдсэнээ мэдээд, Кунти тэнгэрийн хүсэлтийг зөвшөөрөв. Сурйа шууд л йогын хүчээрээ түүнд нэвтрэхэд, эрчимд нь автсан Кунти орондоо ухаангүй унав. Тэгээд Сурйа тэнгэр буцав. Арван сарын дараа, Кунти тэнгэрийн мэт сайхан хүү төрүүлэв. Хамгийн үнэнч хоёр албатаас нь өөр хэн ч түүнийг жирэмсэн байсныг, хүүхэд төрүүлснийг мэдээгүй.

Хүүхэд гэрэлтсэн ээмэгтэй, биедээ төрөлхийн хуягтай байсныг Кунти төрөхөд нь харсан. Түүний нүд нь арслан мэт, шинэ төрсөн хүүхэд гэхэд өргөн цээжтэй байв. Кунти асрагчтайгаа хүүг хэрхэх талаар зөвлөлдөв. Тэр уй гашууд автав. Энэ түүний ууган хүү, хүчирхэг нарны бурхны үр сад байсан ч, түүнийг хэрхэн үлдээж болох билээ? Сурйа тэнгэр түүнийг онгон хэвээр байна гэсэн боловч, үүнд хэн итгэх юм? Ганц бие эмэгтэй хүүхэдтэй байж болно гэж үү? Хүүхэд төрүүлсэн түүнийг хэн эхнэрээ болгох юм?

Кунти эцэст нь хүүхдийг орхихоор шийдэв. Энэ бол агуу Сурйагийн хүү. Сурйа түүнийг хамгаалах нь дамжиггүй. Кунти хүүгийн сайн сайхны төлөө Вишнуд залбирав. Тэгээд хүүхдээ бургасан сагсанд хийн асрагчийн хамт Гангын эрэг дээр очив. Голын эрэгт хүүгээ ширтэн хэсэг суув. Хүүгээ алдана гэж бодохоор, нүднээс нь нулимс урсан, шаналалд автан уйлав. Түүний зовж шаналсан хоолой өргөн их гол дээгүүр сонстоно.

Karna.jpg

"Хүү минь, дэлхийн бүх амьтан, тэнгэр газар, ус мөрөн чамайг хамгаалах болтугай. Усны бурхан Варуна, салхины бурхан Павана чамайг аюулгүй авч яваг. Хүчирхэг эцэг чинь, гэрэлтэх туяаны эзэн чамайг харж хандах болтугай."

Кунти маш олон бурхдаас хүүг нь харж хандаарай гэж гуйн, сайн эцэг эх болох хүмүүс түүнийг олох болтугай хэмээн залбирав. "Чамайг өргөж авах эмэгтэй ямар их зол завшаантай вэ," гэж тэр уйлав. "Чамайг газар мөлхөхийг, гэрэлтэх царайг чинь шороотой хутгалдахыг, буржгар хар үсийг чинь арзайчихсан байхыг харах эмэгтэй ерөөлтэй еэ. Бувтнахыг чинь сонсох, Гималайн ойн арслан мэт том эр болохыг чинь харах хүмүүс азтай юм."

Удаан гаслантайгаар уйлж уйлж, эцэст нь сагсаа таглаж, урсаж буй гол руу түлхэв. Сагс усанд найган урсан холдохыг тэр харав. Тэгээд, асрагчаа түшин ордон руугаа буцав.

Сагс урсан явсаар Чампа хотын ойролцоох усанд эцэслэн зогсов. Тэнд сута омгийн ахлагч Адхиратха, эхнэр Радхагийн хамт голд очсон байлаа. Эхнэр нь сагсыг хараад эрэг дээр авчрав. Онгойлготол, гэрэл цацруулсан хүүхэд байхыг хараад хос хоёр ихэд гайхав. Радха нярайг шууд энгэртээ тэврэн нөхрөөсөө түүнийг гэртээ аваачиж болох эсэхийг асуув. Тэр бурхдаас хүү хайрлаач хэмээн залбирч байсан бөгөөд энэ хүүхдийг тэднээс илгээсэн бэлэг хэмээн үзсэн. Нөхрийнхөө зөвшөөрөлтэйгөөр хүүг гэртээ аваачиж, өөрийн хүү мэт халамжилж өсгөв. Тэд түүнийг Васусэна гэж нэрлэсэн боловч сүүлд нь түүнийг Карна эсвэл Радхэйа хэмээн дуудах болсон.

Karna-Kavach-Kundal.png

Эх сурвалж:
Кришна Дхармагийн хүүрнэсэн Махабхаратын хавсралтаас

Appendix 1

https://vedabase.io/en/library/mbk/appendix-1-karmas-birth/