Хүлцэнгүй байдал

Кадамба Канана Свамигийн “Мөнхөд оршихуй” номоос

28 өдрийн өмнө

Хэдийгээр бид тийм ч хүлцэнгүй даруу биш ч бусад вайшнавуудад бишрэл хүндэтгэлээ илэрхийлснээр тодорхой хэмжээний хүлцэнгүй байдлыг хөгжүүлж болдог. Бид хүлцэнгүй болох үед юу ч тохиолдсон тэвчиж чаддаг бөгөөд улмаар уур хилэнгээ ялж чадна. Уур хилэн нь бардамналтай холбоотой бөгөөд бардам зан бол бидний дайсан юм. Тиймээс чин бишрэлтнүүдэд мөргөж хүндэтгэл үзүүлснээр бид бардам зангаа аажмаар ялан дийлж чадна.

Өгөөмөр зан, өршөөнгүй байдал зэрэг бусад чанаруудыг хүлцэнгүй байдал нь мөн дотроо агуулдаг. Хүн өөрийнхөө асуудлыг хоёрт тавьж чаддаг бол өршөөнгүй байж чадна. Хүн өөрийн тав тух, хувийн хэрэгцээнд анхаарсаар байгаа цагт хүлцэнгүй даруу байх нь маш хэцүү!

humility.png

“Хэрхэн хүлцэнгүй болох вэ?” гэсэн асуултыг хүмүүс ихэвчлэн асуудаг. Энэ нь үнэнч байхаас эхэлдэг. Бид өөртөө үнэнч болох тэр мөчид бид төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үнэнч хүн бүр өөрт нь дутагдал байдаг гэдгийг мэддэг. Ийм төрлийн үнэнч байдал нь бидэнд хүлцэнгүй даруу байдлыг төлөвшүүлэхэд тусалдаг.

Үүнийг дадлагажуулах хэрэгтэй. Хүн ерэн есөн настай байсан ч өөртөө үргэлж “Надад сурах зүйл маш их байна” гэж хэлж байх хэрэгтэй. Ийм даруу төлөв байдалд байснаар бид вайшнавуудад үйлчлэхдээ болгоомжтой байж, Шримад-Бхагаватамаас аврал эрж, ариун нэрд хоргодож, чин бишрэлийн үйлчлэлд талархалтай хэвээр үлдэж чадна. Учир нь хүн бардам болмогц эрт орой хэзээ нэгэн цагт үйлчлэлийг ачаа мэт мэдэрч эхэлдэг.

“Яагаад би дандаа энэ үйлчлэлийг хийх ёстой болдог юм бэ? Яагаад хэн ч үүнийг хийдэггүйг мэдэхгүй юм. Би л дандаа хийх ёстой болдог!”

Энд л бардамнал илэрч, даруу байдал алдагддаг. Энд л талархах сэтгэл алдагддаг. Бид хүлцэнгүй даруу байх үедээ талархалтай байдаг.

“Надад энэ үйлчлэлийг хийх боломж олдож байгаа нь ямар их зол завшаан вэ. Би бүх өршөөл нигүүлслийг авч байна. Би үүнийг хүртэх эрхгүй. Яагаад би үүнийг хүртэж байгаагаа мэдэхгүй юм.”

Бурханлаг амьдралын гол түлхүүр нь талархалтай бөгөөд хүлцэнгүй даруу хандлагатай байж бид үргэлж өршөөл нигүүлслийг хүртэж байдаг гэдгээ санах явдал юм.

Хүлцэнгүй байдал гэдэг нь бид өөрсдийн санаа бодлыг хойш тавихад бэлэн байхыг хэлнэ; энэ бол хүлцэнгүй байдлын чухал хэсэг юм. Хүлцэнгүй байна гэдэг нь үргэлж толгойгоо гудайлгаж, гараа хавсраад газар ширтэн алхах эсвэл байнга арын албанд үлдэхийг хэлэхгүй. Энэ нь хүлцэнгүй даруу байна гэсэн үг биш. Жинхэнэ хүлцэнгүй байдал нь бусдыг өөрөөсөө илүү гэж хүлээн зөвшөөрч, тэдний удирдамж зааврыг хүлээн авахад нээлттэй байхыг хэлдэг. Энэ нь өөрөөсөө илүү дээд хүмүүст өөрийгөө даатган, “Би юу хийх вэ?” гэж асуухыг хэлнэ. Вайшнавуудаас удирдамж авч, ном судруудыг өндөрт дээдлэн хүндэтгэж, “Тийм ээ, эдгээр ном судрууд миний амьдралын удирдамж болно” гэж хэлэх нь хүлцэнгүй байдал юм.

Бидний анхдагч шинж чанар бол албат гэдгийг Кришна бидэнд үргэлж сануулдаг. Албатын хувьд бид өөрсдийн аз жаргалын тухай бодохоо больж, харин Кришна болон Түүний чин бишрэлтнүүдийн аз жаргалын төлөө ажиллаж эхлэх үед бид цэцэглэж эхэлдэг. Хүлцэнгүй даруу байдал гэдэг нь энэ юм. Энэ нь зүгээр хиймлээр “Би унасан, би маш их уналтад өртсөн. Миний зүрх хав харанхуй” гэж бодохыг хэлдэггүй. Энэ бол бидний садхана биш. Бидний садхана бол, “Би бол албат. Би үнэхээр албат бөгөөд агуу бодгалиудад би үйлчилж байна” гэсэн ойлголт юм.

Бид төрөлхийн хүлцэнгүй даруу байр сууринд байдаг. Энэ бол бидний жам ёсны байр суурь. Бид өчүүхэн, сул дорой жижигхэн хүмүүс; биднийг хүрээлэн буй хүчнүүд биднээс хавьгүй агуу. Тиймээс бид өөрсдийн хийсэн алдааг хүлээн зөвшөөрч, өөрсдийн хязгаарлагдмал байдлыг ухаарах тэр мөчид хүлцэнгүй даруу байх нь илүү амар болдог. Оюунаараа дамжуулан бид өөрсдөдөө эдгээр хязгаарлалтыг сануулж болно. Прабхупада заримдаа чин бишрэлтнүүдэд үүнийг нь дараах байдлаар сануулдаг байсан: “Өчигдөр яг энэ цагт чи юу хийж байсан бэ? Уржигдар энэ цагт юу хийж байсан бэ? Түүний өмнөх өдөр яасан бэ? Бас түүнээс өмнөх өдөр?”

Үүнийг хэд хэдэн удаа давтахад маш сайн ой тогтоолттой хүн хүртэл будилж эхэлдэг. Бид үнэхээр маш хязгаарлагдмал. Тиймээс оюун ухаанаараа хүн өөрийн хязгаарлалтыг өөртөө сануулж байх ёстой бөгөөд ингэснээр хүлцэнгүй даруу байх нь илүү амар болдог. Хэдий тийм ч бид хязгаарлагдмал байдлаараа Дээд Бурхан болон Түүний чин бишрэлтнүүдэд үйлчлэх боломжтой байдаг. Үүнд бид туйлын талархалтай байх хэрэгтэй.

Хүлцэнгүй даруу байдлын энэ сэдэв нь бурханлаг амьдралын маш чухал сэдэв бөгөөд тиймээс бид үүнийг судалдаг. Учир нь хүлцэнгүй даруу байдлаар бид Бурханд хүрэх боломжтой.

forever-present-square-cover-spine.jpg
28 өдрийн өмнө

Comments

Нэвтрэх
Илүү ихийг хийхийн тулд нэвтэрнэ үү
or
Хүлцэнгүй байдал