lecture

Хэл ярианы тэвчил

Кришна Мандир төв. Ням гарагийн лекц. 2020-10-25 (2-р хэсэг)

Бхагавад-гитад (17.15) Кришна хэл ярианы тэвчлийн тухай айлддаг. Cатйам прийа-хитам. Бусдыг тэвдүүлж, түгшээдэггүй үнэн зөв, сонсоход тааламжтай, ач тустай ярих нь хэл ярианы тэвчил юм.

Мэдээж бид хамгийн түрүүнд сатйам буюу үнэн зөв зүйлийг ярих хэрэгтэй. Худал ярихгүй байх. Хоёрт, прийа буюу сонсоход тааламжтай байх хэрэгтэй. Би үнэн зүйлийг ярьж байна гээд хаа хамаагүй хашхичаад байж болохгүй. Ийм тохиолдолд хашхичих нь л сонсогдохоос биш хэлсэн үнэн үгс сонсогддоггүй.

Мөн бидний хэлж ярьж буй зүйлс хитам буюу ач тустай байх хэрэгтэй. Үнэн зөв, мөн сонсоход тааламжтай ч ач тусгүй яриа олон байдаг. Жишээ нь хов жив. Тухайн хов жив үнэн байж болно, хов жив сонсох маш тааламжтай байдаг. Гэхдээ энэ бидэнд ач тустай юу гэдгийг бодох хэрэгтэй.

Маш тааламжтай байдлаар ярьдаг мэргэжлийн илтгэгч нар олон байдаг. Гэхдээ үнэн зөв, ач тустай эсэх нь эргэлзээтэй.

Шавь нартаа багш нь заавар болгож үнэнийг хэлж болох ч, бусад хүмүүст, хэрэв тэднийг тэвдүүлж, түгшээхээр бол үүнийг ярих хэрэггүй. Сонсогч тань үүнийг сонсоход бэлэн байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ бол хэл ярианы хат.

Номын багш маань номлол хийхдээ аль болох багыг ярьж бай гэж зөвлөдөг. Заримдаа чин бишрэлтнүүд номлол хийх боломж олдонгуут нөгөө хүнээ бөмбөгдчихдөг. Хамаг юмаа ярьчихдаг. Өөрөө хэдэн арван жил болж байж ухаарсан зүйлээ шууд тулгадаг. Тэдэнд авсан мэдээллээ шингээх боломж олго. Нууцлаг байх хэрэгтэй, энэ илүү ихийг мэдэх гэсэн хүслийг өдөөдөг. Нэг дор хамаг юмаа дэлгэчхэж болохгүй. Дараа дахин ирж өшөө ихийг сонсох хүслийг нь төрүүлэхээр нууцлаг байх хэрэгтэй. Энэ бол номын багшийн маань зөвлөгөө.