Чаитанйа Чандра прабхугийн "Кришнагийн ухамсраар хичээллэж эхлэх үед хэн нэгэн надад үүнийг хэлж өгч байсан ч болоосой" номоос
Заримдаа хүмүүс судар номд гардаг огоорлын тухай хэсгүүдийг нөхцөл байдлаас нь салган ашиглаж, гэр бүлийн амьдралыг уналт мэтээр тайлбарлах нь бий. Гэвч хэрэг дээрээ яг тийм биш юм. Хэрэв тухайн хүний ухамсар цэвэр ариун бол гэр бүлийн амьдрал болон наад захын хэрэгцээнээс давсан материаллаг амьдралд орооцолдох шаардлагагүй нь үнэн. Гэвч бидний ихэнх нь ийм түвшинд хүрээгүй. Бидний ихэнх нь нүгэлт түвшинд, оюун бодлоо хянах гэж ядан, завхайралд автчихгүйхэн шиг тэмцэж явдаг. Ийм тохиолдолд, судар номд, гэр бүлийн амьдралыг мэдрэхүйгээ алхам алхмаар хянаж, цэвэр ариун амьдрал руу дээшилж, ахиц дэвшил гаргах боломж хэмээн санал болгодог. Мэдээж энэ нь эрсдэлгүй бол биш, бас амар хялбар биш байж болох ч ихэнх хүмүүсийн хувьд энэ нь бидэнд байгаа хамгийн боломжит зам юм.

Бид олон төрлийн үндэслэл гаргаж ирж болох ч эцсийн дүндээ асуудал маш энгийн: хүмүүст хайрлах, бас хайрлагдах хэрэгцээ байдаг. Энэ бол сүнсний мөнхийн шинж чанар юм. Хүн бурханлаг замаар хангалттай ахиц дэвшил гаргасан үедээ энэхүү хайрлах хэрэгцээгээ Кришнад зориулж чадах бөгөөд энэ нь бүрэн дүүрэн сэтгэл ханамжийг авчирна. Энэ түвшинд хүрсэн үед хайр энэрлээ материаллаг зүйлд зарцуулах шаардлагагүй болно. Ийм хүмүүс материаллаг ертөнцийг сонирхохоо больж, зөвхөн үйлчлэл хийж, бурханлаг амьдралаа улам бүр хөгжүүлснээр төгс аз жаргалыг олдог. Эдгээр садху нарыг бид хүндлэх ёстой.
Гэвч энэ түвшин ихэнх хүмүүст боломжгүй. Ядаж л одоогийн байдлаар. Ийм болохын тулд бид өмнөх төрлүүддээ Кришнагийн ухамсарт суралцсан байх, энэ замд хэдийнээ туршлагатай байх, ахлах чин бишрэлтнүүдийн зөв чиглүүлэг дор бурханлаг таатай орчинд амьдрах, гүн гүнзгий нөхөрлөл тогтоож болохуйц ижил хандлагатай найз нөхөдтэй, төрөлх чанарт тохирсон үйлчлэлтэй, тэгээд үүнийгээ эергээр ашиглах дур сонирхолтой байх шаардлагатай. Гэвч бидний ихэнхэд нь эдгээр хүчин зүйлсийн ганц нь ч байдаггүй.
Эмэгтэйчүүдийн хувьд нөхцөл байдал илүү хүнд. Учир нь тэдэнд гэр бүлийн амьдрал болон эх хүн байхын төрөлх хэрэгцээ маш их байдгаас гадна манай нийгэмлэгт эмэгтэйчүүд сүм хийдэд амьдарч, зохих ёсоор халамжлуулах боломж ховор байдаг. Дээрээс нь нийгмийн асар их дарамт нэмэгддэг. Гэр бүлийн амьдралыг сонгоогүй эмэгтэйчүүд манай нийгэмлэгт олон саад бэрхшээлтэй тулгардаг. Шрила Прабхупадын эмэгтэй шавь нар бараг бүгдээрээ аль нэгэн цагт гэрлэсэн. Ингэх зөв сайн шалтгаантай болоод л гэрлэсэн. Манай уламжлалд огоорлоор амьдардаг цөөн хэдэн эмэгтэйчүүд байдаг ч, энэ бол онцгой тохиолдол, харин дагах ёстой дүрэм биш.
Бид ангижирч гэгээрээгүй л бол энэхүү хайрлах хэрэгцээгээ зориулах газар нь гэр бүлийн амьдрал юм. Энэ бол хайрлах хэрэгцээгээ хань ижил болон үр хүүхдээ халамжлан үйлчлэхэд эергээр ашиглах орон зай. Бидэнд ийм хэрэгцээ байдгийн адил бусад хүмүүст ч мөн адил хэрэгцээ бий. Сайн эхнэр эсвэл нөхөр байснаар бид зөвхөн өөрийн асуудлыг шийдээд зогсохгүй, өөр нэгэн хүнд мөн тусалж байгаа хэрэг. Хүүхдүүдэд ч мөн хайр халамж хэрэгтэй бөгөөд гэр бүлийн амьдрал нь энэ чиглэлд үйлчлэх боломжийг олгодог. Хэдэн хүүхдийг өсгөж хүмүүжүүлэн, Кришнагийн чин бишрэлтэн болгох нь магадгүй бидний ихэнхийн хувьд хийж чадах хамгийн сайн үйлчлэл байж болох юм.
Мэдээж олон хүн гэр бүлийн амьдралаас айдаг. Эрчүүд хариуцлагаас айдаг бол эмэгтэйчүүд хязгаарлагдахаас эсвэл өөртэй нь зүй бус харьцах вий гэхээс айдаг. Харин аль аль нь хүүхэдтэй болоод урт хугацааны үүрэгтэй болохоос эмээдэг. Мөн бүтэлгүйтэхээс, сайн хань олж чадахгүй байх вий гэхээс, бусдад дооглогдох, шүүмжлүүлэх гэх мэт олон айдас бий. Гэвч айдас гэдэг бол зайлшгүй хийх ёстой зүйлсээс зугтах хангалттай сайн шалтгаан биш юм. Бхагавад-гитад Кришна: “Оногдсон үүргээ хүнд хэцүү гэж үзэн эсвэл бие махбодын тав тухгүй байдлаас эмээж орхисон хүнийг хүсэл тачаалын төлөв байдалтай огоорсон гэнэ. Ийм үйлдэл хэзээ ч хүнийг жинхэнэ ёсоор огоорлын түвшинд хүргэдэггүй” хэмээн тайлбарласан байдаг.
Огоорлын амьдралд хангалттай бэлтгэгдээгүй атлаа айдас хүйдэс эсвэл бухимдлаасаа болоод гэр бүлийн амьдралаас зайлсхийдэг чин бишрэлтнүүд үүнээсээ олигтой үр дүнд хүрэх нь ховор байдгийг бид бодит байдал дээр харж болох бөгөөд энэ нь яг л Кришнагийн Гитад өгүүлсэнтэй адил юм.
Хоёр шүлгийн дараа Кришна жинхэнэ огоорол гэдэг нь өөрийн төрөлх байр суурийг хүлээн зөвшөөрч, үүргээ айдас хүйдэсгүйгээр, үр дүнд нь татагдалгүйгээр гүйцэтгэхэд оршдог болохыг тайлбарласан байдаг. Энэ нь үүргээсээ зүгээр зайлсхийх бус, харин жинхэнэ утгаараа огоорохыг хэлж байгаа юм: “Ай Аржуна минь, хүн оногдсон үүргээ зөвхөн хийх ёстой учраас хийж гүйцэтгэж, материаллаг бүх холбоо болон үр дүнд нь татагдах хүслээсээ огоорсон бол үүнийг цэвэр ариуны шинж төлөвийн огоорол гэнэ.”
Ихэнх тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь хувьд жинхэнэ огоорол гэдэг нь "эрх чөлөөтэй" байх болон хариуцлагаас зайлсхийх гэсэн үзлээсээ татгалзаж, оронд нь төвхнөн, гэр бүлээ халамжлах урт хугацааны хариуцлагыг үүрэх явдал юм. Энэ нь ихэвчлэн бурханлаг амьдралдаа үргэлжлүүлэн ахиц гаргах хамгийн шилдэг талбар болдог. Буруу шалтгаанаар огоорох гэж оролдож буй чин бишрэлтнүүдээс илүүтэйгээр зөв явж буй грихастха нар бурханлаг амьдралдаа илүү хурдан ахих нөхцөл боломжтой байдаг.
Гэвч үүний зэрэгцээ болгоомжтой байх нь чухал юм. Бидний амьдарч буй энэ цаг үед гэр бүлийн амьдралын тэнцвэрийг хадгалах нь тийм ч амар биш. Өмнөх эрин үед хүмүүс багадаа эцэг эхээ ажиглаж, тэдний жишгийг дагаснаар гэр бүлээ хэрхэн авч явахыг сурдаг байв. Гэвч бидний ихэнхэд нь энэ тал дээр сайн жишээ дутагддаг. Үүний улмаас бид ихэнх тохиолдолд алдаж, түүнийгээ засах замаар амьдрал дээр шууд суралцахаас өөр аргагүй болдог. Гэсэн хэдий ч ноцтой алдаа эндэгдлээс зайлсхийхэд туслах ахлах чин бишрэлтнүүдээс зохих зөвлөгөө, чиглүүлэг авах нь тус болдог.
Бурханлаг амьдралаа дөнгөж эхэлж буй хүнд би эхлээд хэсэг хугацаанд нухацтай хичээллэх, эсвэл ашрамд амьдрахыг санал болгоно. Ингэснээр тодорхой бэлтгэлтэй болж, бурханлаг дадлаа бэхжүүлнэ. Харин гэр бүлийн амьдрал руу арай хожуу, тодорхой боломж гарч ирэх үед орох хэрэгтэй. Бидэнд өөрийн төрөлх чанарыг таньж мэдэхэд тодорхой цаг хугацаа шаардагдах бөгөөд үүнээс гадна тохирох хосоо олоход ч хугацаа орно. Тиймээс өөртөө сэтгэл хангалуун, бурханлаг амьдралдаа идэвхтэй байж, хэсэгтээ үүндээ ханамжтай тайван байж, тохирох хүн гарч ирсэн үед л гэр бүлийн амьдрал руу шилжих нь зүйтэй. Нөгөөтээгүүр, хэтэрхий удаан хүлээвэл хэрэгцээ шаардлага нь туйлдаа хүрч, эрүүл ухаанаар тохирох хосоо сонгож чадахгүй байдалд хүрч магадгүй юм. Ийм хоёр туйлшралаас зайлсхийх нь чухал.
Товчхондоо бол, гэр бүлийн амьдрал гэдэг зүгээр нэг "маяа" биш юм. Энд гүйцэтгэх ёстой чухал үйлчлэлүүд, үүнээс суралцвал зохих олон хичээлүүд бий.