lecturekadamba-kanana-swami

Дамодара сар

Кадамба Канана Свамигийн Австралийн Мельбурн хотод уншсан лекцээс

Кришна Бурханыг бясалгах сар

Дамодар сараар онцгой ахиц дэвшил гаргах боломж бидэнд байдаг. Картик сараар Вриндаван руу явж байгаа хүмүүс бол маш азтай. Картик сараар, Вриндаванд энгийн үеэс хэд дахин илүү их бурханлаг ахиц дэвшил гаргах боломжтой гэдэг, бүр хэдэн мянга дахин их боломжтой. Тиймээс Картик сараар Вриндаванд байх нь маш их онцгой. Гэхдээ бүх зүйлээ орхиод зүгээр л Вриндаван руу явах боломж хүн болгонд тэр бүр тохиогоод байдаггүй ч бид ядаж л ухамсраараа тийшээ очиж, тэнд байх боломжтой.

Жива Госвами зэрэг ачаръя нар Вриндаван эсвэл Матхурыг газар биш, харин ухамсрын төлөв байдал хэмээн заримдаа онцлон хэлдэг. Тэгэхээр Матхур эсвэл Вриндаваны ухамсар л биднийг тийш нь аваачдаг байх нь. Тиймээс бид хаана ч байсан Вриндаваныг санаснаар энэ уур амьсгалыг сэргээж, Вриндаванд оршиж чадна. Яагаад гэвэл бурханлаг түвшинд санаж бодох нь тэнд байснаас ялгаагүй байдаг. Бид зүгээр л бурханлаг ертөнцийг санах хэрэгтэй. Энэ сар бол Кришнаг бясалгаж, түүнийг санан дурсах сар юм.

Картика бол Шримати Радхаранигийн сар

Бхагавад-гитагийн 10.35-д Кришна бүх саруудаас “Би бол марга-ширша” гэж айлддаг. Энэ нь 11-12-р сард тохиодог. Кришнагийн өмнө Радхаг дууддаг, Радха-Кришна, Радха-Шъям, Сита-Раам гэх мэт. Эхлээд Бурханы дагуулын нэр дурдагддаг. Тиймээс марга-ширша сарын өмнө тохиодог Картика сар бол Радхаранигийн сар юм. Энэ сар цэвэр чин бишрэлийг бясалгах сар, яагаад гэвэл Радхарани бол цэвэр чин бишрэлийг өмчлөгч юм! Түүнд ямар нэгэн буулт хийсэн, өөрийгөө бодсон сонирхол байхгүй, ухаандаа зөвхөн Кришнагийн сонирхлыг л агуулсан.

Энэ бол цэвэр чин бишрэл, үүнийг Шримати Радхаранигаас олж болно, үүнд л энэ сарын утга учир оршино. Чин бишрэлийн үйлчлэлдээ хайнга хандаж байсан хэн бүхэн, энэ Картика сард цэвэр чин бишрэлийн үйлчлэл хийхийг хичээх хэрэгтэй. Энэ сард тусгай үйлчлэл хийнэ хэмээн амлалт өгч болдог, яагаад гэвэл энэ Шримати Радхаранигийн сар. Тэрээр бидний үйлчлэлийг онцгойлон анхаарч биднийг Кришнад санал болгодог, тэгвэл Кришна бидэнд арай нааштай хандана. Радхарани бол маш өрөвч, зөөлөн сэтгэлтэй. Тиймээс, ялангуяа энэ сар бол өршөөл нигүүлслийг өөртөө татахад маш тохиромжтой сар юм. Ийм байдлаар бид Картика сард өөрийгөө бэлдэж, ямар онцгой үйлчлэл хийж болох вэ хэмээн байнга бодож, бясалгаж байх хэрэгтэй.

Онцгой хүчин чармайлт гаргах сар

Кришнаг уяагаар хүлсэн энэ зугаа наадам бол маш сонирхолтой. Яшода ээж Кришнаг уяхыг оролдох болгонд хүлээс нь хоёр хуруугаар дутдагийг санаж байгаа байх. Уяа нэмсэн ч дахиад л хоёр хуруу дутдаг, дахин дахин уяа нэмсэн ч, бас л хоёр хуруу дутдаг.

Яшода бүх хөршүүдээсээ уяа асуусан, Вриндаваны бүх хүнээс уяа асуусан гэж Вишванатх Чакраварти Тхакур хэлсэн. Тэрээр уяагаа нэмээд л, нэмээд л байсан, эцэст нь Вриндаванд ямар ч уяа олдохооргүй болтол бүгдийг нь нэмсэн. Тэрээр энүүгээр тэрүүгээр гүйн бүх уяа хүлээсийг цуглуулж, холбосоор бүүр ядарч туйлдсан. Түүнийг ийнхүү ядарч туйлдах үед, духнаас сувдан хөлс бөмбөрөн байсан. Яг энэ үед Яшода ээж хүчин зүтгэлийнхээ эцэст нь хүрээд байв. Тэрээр хүчин чармайлтынхаа хязгаарт үнэхээр хүрэх тэр агшинд Кришна өршөөл нигүүлслээ хайрласан.

Тэгэхээр нэг хуруу нь бол Яшода ээжийн хүчин чармайлт, харин нөгөө хуруу нь Кришнагийн өршөөл нигүүлсэл юм. Тэгэхээр Кришнаг өөртөө татахыг хүсэж байгаа бол бидэнд хоёр хүчин зүйл хэрэгтэй. Эхнийх нь бидний талаас гаргаж буй хүчин чармайлт. Гэхдээ энэ зүгээр нэг үлбэгэр байх ёсгүй, харин бид бүх зүйлээ өгөх хэрэгтэй. Тиймээ, бүгдийг нь! Бидэнд юу байна, бүгдийг нь бид Кришнад өргөх ёстой. Энэ л жинхэнэ хүчин чармайлт. Тэгэхээр энэ бол маш онцгой сар, энэ сар бол онцгой хүчин чармайлт гаргах сар.

Хэн Дээд Бурханаас илүү хурдан гүйж чадах вэ

Дамодараштакам, 1-р бадаг

Мөнхийн амьдрал, мэдлэг, аз жаргалын биелэл, нааш цааш найган ганхах аварга загасны хэлбэртэй ээмэгтэй, Гокулагийн бурханлаг орондоо үзэсгэлэнтэйгээр гэрэлтэх Дээд Бурхан, (ээжийнхээ тос цохиж байсан таргийн ваарыг нь хагалж, дараа нь таазанд өлгөсөн цөцгийн тосыг нь хулгайлсан хэргээс болж) Яшода ээжээсээ айхын эрхэнд модон уураас яаран сандран зугтах хэдий ч, хойноос нь Түүнээс илүү хурдаар гүйсэн Яшода ээждээ баригдсан тэр л Дээд Бурхан, Шри Дамодарад би хүлцэнгүй даруу бишрэл хүндэтгэлээ өргөмүй.

Хэн Дээд Бурханаас илүү хурдан гүйж чадах вэ! Энэ бол боломжгүй зүйл. Кришнаг, Ранчор буюу тулааны талбарыг орхисон нэгэн гэж нэрлэдгийг санаж байгаа байх. Түүнийг тулааны талбараас зугтах үед, Явана хаан Түүнийг хойноос нь хөөдөг. Явана бүх хурдаараа хойноос нь гүйдэг, харин Кришна зүгээр л алхаж байдаг. Хэдий тийм ч, Явана Түүнийг гүйцэж чаддаггүй. Явана гүйгээд л байдаг гүйгээд л байдаг, тэгсэн ч, яг л нэг хэмжээний зайнд хэвээрээ байгаад л байдаг. Энэ бол Кришна!

Мэдээж Кришнагийн төлөвлөгөө ёсоор Мучукунда тэнд унтаж байдаг. Индра түүнийг сэрээж асуруудын эсрэг тулалдуулдаг байсан болохоор тэрээр түүнийг сэрээсэн хүн үнс болог гэсэн адислалыг авсан. Тийм болохоор Индра түүнийг унтуулж л байдаг. Явана түүнийг сэрээж үнсэн товрог болдог. Энэ бол бүгд Кришнагийн зохион байгуулалт л байсан! Тэгэхээр хэн ч Кришнагаас хурдан гүйж чадахгүй гэдгийг бид ойлгож байгаа. Яшода ээж Кришнагаас хурдан гүйж Түүнийг барьж чадсан нь тэр Кришнагаас хурдан гэсэн үг биш юм. Харин түүний хайранд л Кришна баригдсан юм. Кришнаг барьж авсан зүйл бол хурд биш, харин түүний хайр л байсан юм.

38fqkgbj2qbpjg5sunle347eek.jpg

Энгийн дээсээр бус эхийн ариун хайранд хүлэгдсэн Дээд Бурхан Шри Дамодара

Дамодараштакам, 2-р бадаг

(Эхийнхээ гар дахь савааг хараад) Тэр бээр уйлан, бадамлянхуа хоёр мутраараа нүдээ ахин дахин арчина. Айдас дүүрэн нүдтэй, лавайн биед байдаг шиг гурван зураастай хүзүүндээ сувдан зүүлттэй Тэр бээр уйлснаасаа болж амьсгаадан, чичирнэ. Энгийн дээсээр бус эхийн ариун хайранд хүлэгдсэн энэ л Дээд Бурхан, Шри Дамодарад хүлцэнгүй даруу бишрэл хүндэтгэлээ өргөмүй, би.

Энд бид Дээд Бурхан бишрэлтэнтэйгээ хэрхэн харилцаа үүсгэж байхыг харж байна. Яшодагийн хувьд Тэр бол хүүхэд. Тэр бүхнээс хүчтэй Дээд Бурхан ч, Яшодагийн хувьд тэр бол хүүхэд, тэгээд тэр хүүхэд шиг аашилдаг. Яшода Түүнийг хүүхэд мэт халамжилдаг, хүүхэд мэт Түүнийг сурган хүмүүжүүлдэг. Гэхдээ айсан байдалтай зогсож байгаа Түүнийг хараад Яшода юу хийж чадах билээ. Тэр юу ч хийж чадахгүй. Тэрээр Түүнийг шийтгэж чадахгүй, энэ бол боломжгүй хэрэг.

Яагаад гэвэл Яшодагийн цорын ганц сонирхол бол Кришнагийн аз жаргалтай байдал, өөр юу ч биш юм. Яшода Түүнийг хэтэрхий эрх дураараа хүн болгож өсгөхгүй юм сан хэмээн бодож байгаа. Тэрээр бодохдоо: “Би гэртээ түүнд хамгийн сайныг нь л өгч байна. Онцгой өвс идэж байгаа онцгой үнээнүүдийн онцгой сүүгээр хамгийн сайн тараг болон хамгийн сайхан амттануудыг хийж өгч байна. Гэсэн хэдий ч энэ шуналтай хүү бусдын гэрээс хулгай хийнэ гэнээ! Гайхалтай! Хүн болгон л 'Ай Нанда минь, танай хүүхэд чинь маш гайхамшигтай.' гэж хэлдэг ч, үнэн хэрэгтээ тэр бол асуудалтай хүүхэд, хаа сайгүй хулгай хийгээд л!”

Тэгэхээр ийм байдлаар бид энэ Дамодар-лилаг хэр их гайхамшигтай гэдгийг харж болно. Дээд Бурхан хэрхэн ингэж аашилж болдог байна аа – ертөнцийг удирддаг тэр, хүүхэд мэт аашилж байна. Энэ бол хосгүй содон зүйл! Энэ хэний ухаанд багтаж чадна гэж? Тэгэхээр энэ Дамодар-лила бол маш хосгүй бөгөөд Кришнагийн энэ л төлөв байдалд бид энэ сар төвлөрөх хэрэгтэй. Энэ сар бид Кришнаг хэрхэн барьж авах вэ гэдэг дээр л бүрэн анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Яшода Кришнаг барьж авч байна, харин БИД хэрхэн Кришнаг барьж авах вэ? Тэгэхээр энэ бол бүх бишрэлтнүүдийн зорилго юм – Кришнаг хэрхэн барьж авах вэ. Мөнгө барьж авах биш, хүч чадал барьж авах биш, тогтвортой албан тушаал ч юм уу эсвэл үзэсгэлэнтэй эмэгтэй, царайлаг нөхөр, үгүй, үгүй, үгүй, эдгээрийн аль ч биш! Кришна л бид нарын сонирхлыг татдаг бөгөөд бусад бүх зүйлийг хойш нь тавих хэрэгтэй, энэ бол үндсэн утга санаа нь.

Хэдийгээр бид цэвэр бишрэлтэн биш ч, Бид Вриндаван руу явах үед, бид цэвэр байх ёстой, Вриндаванд бид дэмий зүйл хийх ёсгүй. Вриндаванд хийдэг зүйл бол энэ биш. Вриндаванд ямар нэгэн дэмий зүйл хийвэл үүний үр дагавар нь бусад газраас маш хүчтэй байх болно. Тэгэхээр Вриндаванд бид цэвэр байх ёстой. Хэрэв цэвэр байж чадахгүй бол гурав хоног тэнд байх хэрэгтэй гэсэн байдаг. Гурав хоног бол хэн ч тэсэж чадна. Гурван хоног цай уухгүй, тамхи татахгүй болон бусад болохгүй зүйлийг хэн ч гэсэн хийхгүй байх боломжтой. Хэцүү ч гэсэн боломжтой. Брахмачари амьдралаар гуравхан өдрийг ч гэсэн өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд буцаад маяа руугаа явж болно. Гэхдээ бурханлаг амьдралдаа нухацтай хандахыг хүсэж байгаа хүн гурван сар байж болно. Бүүр их нухацтай хүмүүс нь гучин жил, тэгээд бүхэл амьдралынхаа туршид Вриндаванд байж болно. Вриндаван бол ийм л зүйл зориулагдсан. Энэ сар ч гэсэн ийм зүйлд зориулагдсан, энэ бол бидний нухацтай байх сар – яагаад бид нар тийм байж болохгүй гэж? Муслимууд Рамадан баяртаа маш нухацтай ханддаг – энэ бол тэдний үнэхээр нухацтай ханддаг нэг зүйл нь. Рамандан сардаа мацаг барьдаг, бусад хийх ёстой зүйлээ хийдэг, тэд өөрсдийн дхармадаа маш нухацтай ханддаг. Тэгээд адислалыг нь үнэхээр хүртэж чаддаг. Тэгэхээр бид үлбэгэр байж “Нэг сар гэнээ, яаж би нэг сарын туршид хийх болж байна аа.” гэж хэлэх хэрэггүй. Үгүй, тэд хийж чадаж байгаа бол, бид ч гэсэн хийж чадна.