Ухааны үйл ажиллагааг хүчээр зогсоох гэж оролдох нь маш хэцүү төдийгүй бидний бурханлаг хөгжилд аюултай ч байж болно. Үүн шиг хуурамч эго ч ялгаагүй бидний ажиллах ёстой маш чухал талбар.

Бурханлаг дадалд тулгардаг бэрхшээлүүдийн тухай ярихдаа бид ихэвчлэн ухаандаа анхаарлаа хандуулдаг. Гитад Кришна ухаан бол амьд оршнолын хамгийн сайн нөхөр атлаа бас дайсан нь хэмээн айлдсан байдаг. Энэ нь бидний хүсэл зохих ёсоор ариусах үед хүсэх хэмээх ухааны жам ёсны үйл нь бидний хөгжилд дэвшилд тустай болдог гэсэн үг. Учир нь бид Кришнад үйлчлэхтэй холбоотой зүйлсийг хүсэж эхэлдэг. Харин хүсэл ариусаагүй үед ухаан бидний эсрэг ажиллаж, материаллаг үйл болон Кришнаг мартах зүг рүү түлхдэг.
Толгойд дуу хоолой сонсогддог болохоор ухаан ухамсартай оршнол мэт санагдаж болох ч үнэндээ яг тийм биш юм. Ухаан бол биднийг түлхдэг хүчтэй илүү төстэй. Бид аливааг харж, мэдрэх тусам янз бүрийн хүсэл хуримтлагдаж, ухаан тэдгээрийг хангахын тулд тэр зүг рүү биднийг түлхдэг. Гал, салхи зэрэг хүчний нэгэн адил ухааны түлхэлтийг эсэргүүцэхэд маш хэцүү. Аржуна ухаан маш зөрүүд тул үүнийг хянах нь салхийг номхотгохоос ч хэцүү хэмээн өгүүлсэн байдаг.
Ухааны үйл ажиллагааг хүчээр зогсоох гэж оролдох нь маш хэцүү төдийгүй бидний бурханлаг хөгжилд аюултай ч байж болно. Ухааны шавдалтгүй бол болзолт сүнс чулуу мэт идэвхгүй, хайхрамжгүй нэгэн болж хувирна. Энэ нь бодгаль бусыг баримтлагч хүнд эсвэл амьдрал ямарч зорилгогүй гэж боддог хүний хувьд хүсүүштэй зорилго мэт сонсогдож болох ч чин бишрэлтний хувьд огтхон ч хүсэх зүйл биш. Бид бүх хүслээ унтраахыг хүсдэггүй; харин материаллаг зүйлсийг хүсэхийн оронд Кришнад үйлчлэхийг хүсэж эхлэхийг зорьдог. Тиймээс бидний зам бол хүслээ ариусгаж, ухаанаа нөхөр болгох явдал юм. Ухаан нөхөр болох үед дарвуулт завийг таатай салхи түрэхийн адил биднийг зөв зүгт, Бурханы зүг рүү буцаан түлхэж эхэлдэг. Бурханлаг ухаан, бурханлаг оюун, бурханлаг эго бүхий бурханлаг биеэ бүрэн сэрээх хүртэл материаллаг ухаан бол бидний ажиллах ёстой талбар юм.
Ухаанаас дутахааргүй чухал өөр нэг багаж бий. Тэр бол хуурамч эго. Ухааны нэгэн адил хуурамч эго нь бие даасан оршнол бус, харин биднийг янз бүрийн зүг рүү түлхдэг материаллаг эрчим юм. Нарийн мөн чанартай ч хуурамч эго нь шороо, усны нэгэн адил материаллаг махбодын нэг гэж тодорхойлогддог бодит зүйл билээ.
Хуурамч эго нь бидний болзолт амьдралд нэлээд чухал. Учир нь энэ зүйл бидний өөрийн талаарх төсөөллийг бий болгодог. Материаллаг ертөнцөд ирэхэд бид жинхэнэ эго буюу өөрсдийн үнэн мөн чанар болох Кришнагийн мөнхийн албат гэдгээ мартдаг. Ингээд хуурамч эгоны нөлөөгөөр түр зуурын янз бүрийн дүр төрхийг өөртөө оноож эхэлдэг. Нэг амьдралдаа би сахиулсан тэнгэр, нөгөө амьдралдаа шоргоолж байж болох бөгөөд амьдрал бүрдээ хүлээн авсан түр зуурын дүр төрхтэйгөө өөрийгөө адилтган хүчтэйгээр татагддаг.
Үүнийг сонсоод бидний анхны хариу үйлдэл хуурамч эгог устгахыг хүсэх байж болох ч одоогийн шатанд энэ нь тийм ч ухаалаг зүйл биш. Жинхэнэ эгогоо сэрээхээсээ өмнө хуурамч эгог устгах нь маш их хор хөнөөлтэй бөгөөд биднийг мөн л хайхрамжгүй, хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй байдалд оруулж болно. Кришнагийн мөнхийн албат хэмээх жинхэнэ мөн чанартаа дахин батжин жинхэнэ эгогоо сэрээх хүртэл хуурамч эго нь ухааны нэгэн адил бидний ажиллах ёстой талбар юм.
Судар номуудаас бид бурханлаг амьдралыг хэрэгжүүлэх хоёр түвшин байдгийг ойлгодог. Эдгээр нь рагануга-бхакти болон садхана-бхакти юм. Рагануга-бхакти буюу аяндаа ундардаг чин бишрэлийн үйлчлэлийг зөвхөн бурханлаг түвшинд аль хэдийн хүрсэн хүн л хэрэгжүүлж чадна. Бурханлаг оюун ухаан, мэдрэхүй болон жинхэнэ эгогоо сэрээсэн хүн л үүнийг хэрэгжүүлж чадна. Учир нь бусад хүн ухааныхаа дуу хоолойг бурханлаг сэтгэл хөдлөл хэмээн эндүүрч, чин бишрэлийн нэрийг барин хачин зүйлс хийх болно. Энгийн болзолт сүнснүүдийн хувьд тэр түвшинд хүрэх цорын ганц хэрэгжүүлж болохуйц зам нь садхана-бхакти буюу мантра тогтмол давтан унших болон бусад бурханлаг үйлийг хийх юм.
Садхана-бхакти нь үүргээ ухамсарлах мэдрэмж болон өдөр тутмын бурханлаг дадлыг дагаж мөрдөх дээр ихээхэн тулгуурладаг. Энэ нь эргээд бид өөрсдийгөө хэн гэж үздэгээс ихээхэн хамаарна. Жишээлбэл, хүн өөрийгөө ном түгээгч гэж боддог бол Кришнагийн төлөө ном түгээхээр шаргуу хөдөлмөрлөж, улмаар аажмаар ариусна. Эрэгтэй хүн нөхөр, эцэг, бурханлаг гэр бүлийн тэргүүний үүргийг хүлээн зөвшөөрвөл үүргээ хичээнгүйлэн биелүүлж, ийнхүү ахиц гаргана. Үүний адил эмэгтэй хүн гэрийн эзэгтэйн үүргийг хүлээн зөвшөөрвөл нөхөр, хүүхдүүдээ Бурханы албат гэдгийг ойлгон халамжилбал, энэ замаар мөн ахиц гаргана. Хэрэв хүн өөрийгөө тогооч гэж үзвэл чин бишрэлтнүүдийг хооллох эсвэл Шүтээнд хоол бэлтгэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана .
Эдгээр бүх дүр төрх нь хуурамч эгод тулгуурласан. Ном түгээгч эсвэл гэрийн эзэгтэй байх нь бидний мөнхийн бурханлаг мөн чанар биш. Гэсэн ч ийм дүр төрхүүд нь чин бишрэлийн үйлчлэлээ дадлагажуулах, өөрсдийгөө ариусгах, жинхэнэ бурханлаг мөн чанартайгаа аажмаар холбогдох боломж олгодог учраас нэн чухал юм.
Гэвч орчин үеийн ертөнц маш аюултай, дарамттай тул хүчирхийлэл, дээрэлхэлт, ганцаардал, түрэмгийлэл, сэтгэл гутрал зэрэг шалтгаанаар хүмүүс өөрийнхөө хэн бэ гэдэг төсөөллөө эвдүүлэх нь элбэг. Ийм зүйл тохиолдоход хүн сэтгэл гутралд орж, хэвийн үйл ажиллагаа ч явуулах чадваргүй болж, чин бишрэлийн үйлчлэл төдийгүй юунд ч төвлөрч чадахгүй байдалд хүрч болно. Ийм зүйл тохиолдвол, хүн эхлээд өөрийнхөө хэн бэ гэдгийг шинээр олж, тэндээсээ чин бишрэлийн үйлчлэлийн замыг эхлүүлэх хэрэгтэй. Тийм хүнд хүч чадал өгч, урамшуулснаар л тэр хүн үүнийг хийж чадна.
Хуурамч эгог нь хазаарлаж, хүлцэнгүй болгож байж л чин бишрэлийн үйлчлэл хийх боломжтой болно гэж бид олонтаа сонсдог. Хэт бардам хүнд энэ нь зайлшгүй шаардлагатай. Олон чин бишрэлтэн өөрсдөө ийм маягаар сурсан учраас бусдыг ч мөн энэ аргаар сургаж дассан байдаг. Тэд хүнийг тэнцвэртэй байдалд оруулахын тулд хориглон цагдах, зэмлэх, бүр дорд үзэж дооглох замаар номхотгож, хуурамч эгог нь дардаг. Хүн маш бардам, өөртөө итгэлтэй боловч бодлогогүй бол энэ арга үр дүнтэй. Учир нь эрээ цээргүй зан нь дарагдмагц тэрээр тэнцвэртэй, сахилга баттай үйл хийхэд бэлэн болдог. Гэвч ихэнхдээ асуудал нь бидний эго аль хэдийн шархалсан байдагт оршино. Үүнийг таньж мэдэх нь чухал. Учир нь эго шархалсан үед тэнцвэрт байдалд хүргэх арга нь эсрэгээрээ байдаг. Тэр хүнийг зэмлэх бус, магтаж, итгэж, хүч чадал өгөх хэрэгтэй. Ингэснээр тэр өөртөө бага ч болов итгэлтэй болж, Кришнагийн төлөө суралцаж, үйл үйлдэх түвшинд хүрч чадна.
Аль хэдийн шархалсан эготой хүнд зэмлэл, доромжлолын аргыг хэрэглэхэд тэр хүн ихэвчлэн зөвхөн шууд тушаалаар хөдөлдөг, өөрийн санаачилгаар юу ч хийх итгэлгүй, сэтгэлзүйн хувьд хамааралтай, алхам бүрдээ баталгаа шаардах хэмжээнд өөртөө итгэх итгэл нь эвдэрсэн “зомби” болж хувирдаг. Үүнийг хүлцэнгүй даруу байдал, өөрийгөө даатгасан хүнтэй андуурч болох ч үнэн хэрэгтээ энэ нь хувь хүний мөн чанарыг үгүй хийж, залилан жолоодох үйл явц бөгөөд сөрөг үр дагаварт хүргэж болно. Тодорхой нэг багшийн дагалдагчид ийм байвал үүнийг маш ноцтой анхаарах дохио гэж үзэж болно.
Өөрийн талаарх төсөөлөл маань эвдэрч, өөрийгөө үнэ цэнгүй, зорилгогүй мэт мэдрэх үед бид үнэ цэнтэй бөгөөд амьдралд хэрэгтэй байж чадна гэдгээ ойлгох нь тусламж авах зам юм. Хүн бүр тодорхой авьяастай. Төрөлхийн авьяас чадвараа Кришнагийн төлөө хэрхэн ашиглаж болохыг сурах нь асар их хүч өгч чадна.
Төрөлхийн авьяас, хандлагаа Кришнад үйлчлэхэд ашиглаж сурах энэ үйл явц нь өөрийн талаарх шинэ төсөөллийг олоход тусалдаг. Ингэснээр бид өөрийн үнэ цэнд итгэх итгэлээ хөгжүүлж, хайрлуулж, хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг тэнцвэртэй байдалд хүрнэ. Улмаар аз жаргалтай, үр бүтээлтэй байж, бурханлаг үйлийг өөртөө итгэлтэйгээр дадлагажуулж чадах хэвийн байдалд орно.
Асуудал нь бид хүмүүсийг зэмлэхдээ сайн атлаа урамшуулж, тэтгэн дэмжихдээ төдийлөн сайн биш байдагт оршино. Магадгүй энэ нь бид эргэн тойрныхоо хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавихын төлөө байнга тэмцдэгтэй холбоотой. Хэн нэгнийг зэмлэхэд түүнд үнэхээр санаа тавих шаардлагагүй; харин тэтгэн дэмжиж, урамшуулахад энэ шаардлагатай. Туслахыг хичээж буй эсвэл бидэнд даатгагдсан хүмүүстээ санаа тавьдаггүй бол бид тэдэнд сайнаас илүү хор хүргэх нь элбэг. Шүүмжлэх амархан, харин энэрэн нигүүлсэхэд хүчин чармайлт хэрэгтэй. Жинхэнэ заавар зөвөлгөө холбоо үүсгэхээс эхэлдэг.
Энэ үйл явцыг ойлгох нь бурханлаг амьдралд маш чухал нөлөөтэй. Зөв бурханлаг багшийг олж, зөв бурханлаг зарчмын дагуу хичээллэх үед материаллаг ухаан, оюун, эготой холбоотой бүхий л бэрхшээл, жинхэнэ бурханлаг мөн чанараа олох үйл явц хавьгүй хялбар болдог.
Чаитанйа Чандра прабхугийн "Кришнагийн ухамсраар хичээллэж эхлэх үед хэн нэгэн надад үүнийг хэлж өгч байсан ч болоосой" номоос.
