Улс үндэстний үйлийн үр

буюу барууны соёл иргэншлийн уналт

15 өдрийн өмнө

Ману-самхитад улсын хаан буюу удирдагч  нь  удирдаж буй ард иргэдийнхээ бүх үйлийн үрийн зургааны нэгийг үүрдэг хэмээн бичсэн байдаг. Хүмүүсийн ихэнх нь буянтай, бурханлаг хандлагатай, дээрээс нь хөгжин цэцэглэх боломжтой амар тайван нийгмийг удирдагч нь хангаж, ард иргэдээ хамгаалж байвал, хаан ч гэсэн иргэдийнхээ сайн үйл, сайн кармаг хуваалцдаг. Харин эсрэгээрээ удирдагч хүн ард иргэдээ зөв зохистой хамгаалж, тэтгэхгүй, харин гэмт хэрэгтнүүдийг дураар нь тавьж, эмх замбараагүй байдал үүсгэх боломж олгож, тэгсэн хэр нь хүмүүсээс татвар хураасан хэвээр байвал, ерөнхий карма нь тун бүрхэг байна. Ийм удирдагч ард иргэдийнхээ бохир заваан үйлийг өөр дээрээ хурааж, тамд живдэг.

karma.png

Валмикигийн Рамаянагаас бид ард түмний удирдагч хүн газар нутгаа харж хамгаалж, бүхий л шударга бус, эрүүгийн болон зохисгүй үйл ажиллагааг үтэр түргэн зогсоох нь ямар чухал болохыг ойлгож авдаг. Яагаад гэвэл иймэрхүү бүх үйл буцаад эсрэг нөлөө үзүүлдэг. Зөвхөн улс орон болон ард иргэдэд ч бус мөн удирдагчид ч гэсэн байгалийн уур амьсгал, ард иргэдээс ирэх үл хүндлэл мөн дараагийн төрөлд нь харанхуй ирээдүй үүсэх зэргээр нөлөөлдөг. Тийм учраас ард иргэдээ зөв зохистой удирдаж, ёс суртахуун болон бурханлаг мэдлэгийг хөхүүлэн дэмжиж, ямар ч тээнэгэлзээгүйгээр ард иргэд болон улс орноо хамгаалдаг тийм удирдагчийг сонгох нь чухал болохыг энэ харуулж байна.

Үүнтэй холбоотойгоор Уттара-Кандагийн 74-р дууллын 30–33-р шүлэгт: “Хэрэв хүн ядуу буурайгаасаа болж, шударга бусаар, хийх ёсгүй үйлээ хийвэл, [тэр хүн] тамд унах нь гарцаагүй, мөн хаан нь ч гэсэн эргэлзээгүйгээр тамд унана. Ард иргэдээ зөв шударгаар удирдаж байгаа хаан хүн хичээл зүтгэл, тэвчил хатамжлалын үр шимээр цуглуулсан буянтай үйлсийн зургааны нэгийг хуваалцдаг. [Хэдий тийм ч,] ард иргэдээ [зөв зохистой удирдаж] хамгаалахгүй бол, ард иргэдийнхээ муу кармаг мөн өөртөө хураадаг. Тийм болохоор хаадын дундах арслан минь, газар нутгаа хянан шалгагтун. Шударга бус үйлтэй таармагц, тэднийг зөв болгохын тул хүчин чармайлт гаргагтун, ингэснээр хүмүүсийн дунд [мөн хаанд ч гэсэн] шударга ёс, урт удаан амьдрал зонхилно.”

Дээрх тайлбараас харахад, хэрэв удирдагч нь улсынхаа ард иргэдийн нийт үйлийн үрийн нөлөөнд байх аваас, ард иргэдийн сайн, муу үйл ажиллагаа улсын ирээдүйг тодорхойлох болж байгааг бид харж болно. Тийм болохоор ирээдүйд улс орон сайн эдийн засагтай байх, ган гачиг, хоолны гачигдлаас болж өлсөх, дайснаа дарах, дайнаас болж сүйрэх эсэх нь бид нарын өнөөдөр хэрхэн амьдарч байгаагаас хамаарах нь байна.

Түүхэнд хэдий маш хүчирхэг ч, хөнгөн хийсвэр, цамаан, дураараа амьдарч байсан маш олон улс, соёл иргэншлүүд эцэстээ мөхөлд хүрсэн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Ийм сүйрэл нь тухайн цаг үедээ санаанд оромгүй байсан ч, үйлийн үрийн хуулийг ойлговол, иймэрхүү уналт доройтлыг нь тааварлаж хэлэхэд тийм ч хэцүү биш. Бид үүнийг Ромын эзэн гүрний жишээн дээрээс харж болно.

Барууны хамгийн сүүлийн агуу соёл иргэншил болох Ромын эзэнт гүрнийг унан доройтоход нөлөөлсөн таван хүчин зүйл байсныг түүхчид цохон тэмдэглэсэн байна. Эхнийх нь, шоу болон тансаг хэрэглээнд татагдах. Хүн бүр л баян тансаг байдлын илэрхийлэл болсон материаллаг эд зүйлсийг өөрийн болгохын хүслэн болдог байсан. Энэ нь хоёр дахь хүчин зүйлд мөн нөлөөлсөн. Энэ бол хэт баян болон нэн ядуучуудын ялгаа ихэсч, дундаж анги үгүй болсон явдал юм.

Гурав дахь хүчин зүйл бол бэлгийн амьдралд бүрэн донтсон явдал байв. Ромын эзэн гүрний сүүлийн өдрүүдэд тэдний энгийн нэг харилцан ярианд ч, урлаг, соёл бүх зүйлд бэлгийн амьдрал тэдний ганц сонирхол болсон байв. Помпеи хот иймэрхүү төрлийн завхай амьдрал болон сексийн том амралтын газар болсон байсан. (Помпеи хотыг МЭ 69 онд болсон газар хөдлөлт эвдэн сүйтгэж, харин МЭ 79 онд галт уулын дэлбэрэлт бүрмөсөн газартай нь тэгшилснийг бид мэдэх билээ.)

Ромын эзэнт гүрний уналтын дөрөв дэх хүчин зүйл бол урлагийг үл тоох болон үүнд гаж сонин зүйл үзэгдэх юм. Үүнийг бид орчин үеийн урлаг, дуу болон баримлаас төвөггүй харж болно.

Тав дах хүчин зүйл бол нийгмийн хангамж болон хүмүүсийн дунд төрөөр тэжээлгэх хүсэл эрмэлзэл ихсэх юм. Одоо ч гэсэн, ажил хийлгүйгээр нийгмийн хангамжаар амьдарч, бэлгийн амьдрал нь ихсэж, илүү олон хүүхэд төрүүлснээр авах мөнгө нь ихэсдэг газрууд бий.

Түүх давтагддаг учир, бид энэ бүх хүчин зүйлүүдийг сайтар анхаарч үзэн орчин үеийн Америк гүрэн хаана зогсож байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Эдгээр ижил зүйлүүд энд, Америкийн Нэгдсэн Улсад ч гэсэн ажиглагдаж байна. Жишээ нь, бараг л бүх зар сурталчилгаа, машин эсвэл хэрэгтэй гэж итгүүлсэн юу ч бай худалдан авах, ажилдаа амжилт гаргах гэх мэт бүх зүйлс сексийн татагдал дээр эргэлдэж байна. Эндээс харахад хүн болгон яагаад секст татагддагийг ойлгоход тийм ч хэцүү биш байна. Өөр нэг өнцөг нь бэлгийн чиг хандлагаа тодорхойлох асуудал. Энэ зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр өмнө нь байгаагүйгээс олон удаа давтагдаж байна, мөн түүнчлэн төр засгийг шинэ хууль, зохицуулалт гаргахыг шавдан шаардаж байна. Тэгэхээр, одоогийн энэ бүх чиг хандлага, өөрчлөлтүүд Ромын эзэнт гүрэнд өмнө нь болж байсан тохиолдлууд юм.

Жишээ нь, орчин үеийн гүн ухаанд, энэ нь нийгэм, сэтгэлзүй, урлаг, улс төр, шинжлэх ухаан гэх мэт байх эсэх нь хамаагүй ерөнхийдөө бүгд үнэмлэхүй хууль, жишиг гээч зүйл байхгүй хэмээх санааг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүсэж байгаа зүйлээ хийж, юунд ч хамаагүй итгэж болно гэсэн санаа. Ямар ч үнэмлэхүй гэж байхгүй, байгаа гэж боддог нэгнийг хэт туйлширлаа гэнэ. Үүнтэй нэгэн адил, Ромын эзэнт гүрэнд Бурханд болон ёс зүйн стандартад онцгой анхаардаггүй байсан. Маш олон шүтлэг байсан ч, ерөнхий чиг хандлага нь хүн бүр хүссэн зүйлдээ итгэж болохоор байсан. Харин шашиндаа нухацтай ханддаг хүнийг ноцтой хавчин гадуурхдаг байсан.

Христос шүтлэгтнүүдийн хувьд, тэднийг том талбайд арслангуудын хамт хашин, тэднийг цэнгэлдэх хүрээлэнгээс хүмүүс үзэж, зэрлэг догшин харгислалд нь алга ташин дэмждэг байсан. Үүнийг нэг шалтгаан нь Христос шүтлэгтнүүд Ромын бурхдыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан явдал байлаа. Тэд даган биелүүлээгүй хүн нь там руу явдаг гэсэн хууль буулгаж ирсэн, цэвэр ариун, хязгааргүй оршихуй болох цорын ганц Бурханд итгэдэг байсан. Харин Ромчууд вино уудаг, мах иддэг, хурьцал хийдэг гэх мэт бурхдыг хүлээн зөвшөөрдөг байв. Тийм болохоор Ромчууд —  Христос шашинтнуудыг хэт туйлшрагчид хэмээн хардаг байв. Өнөө үед Бурханы хууль, жишээ нь үйлийн үрийн хуульд хэт өөрийгөө даатгасан мэт хүмүүсийг орчин үеийн гүн ухаанчид, улс төрчид, либералчид мөн ижил нүдээр харж байна. Үйлийн үрийн хуулийг ойлгохын оронд үүнийг шүүмжилж, үр дагаврыг нь мэдэлгүйгээр, өөрсдийнхөө хөнгөн хуумгай, этгээд хачин зуршлуудаа үргэлжлүүлэн хийсээр байна.

Гэхдээ бид карма бол итгэл биш харин шинжлэх ухаан гэдгийг онцлох хэрэгтэй. Хүн ямар ч хариуцлага үүрэлгүйгээр хүссэн бүхнээ хийж болно гэж итгэж болох ч, тэр хэрэв гэмт хэрэгтэн шиг аашилбал түүнийг бариад, шоронд хорино, тэгээд тэр хүссэн бүхнээ ямар ч хариуцлагагүйгээр хийж болно гэсэн бодлоо өөрчлөхөд албадан тулгагдаж, хийсэн үйлийн үр дүнг амсана. Үүн шиг хүмүүс ертөнцийн хуулиас зайлж чадна хэмээн бодон хүссэн болгоноо хийвэл тэд кармын хуулийн дагуу үхсэнийхээ дараа ноогдсон ял шийтгэлтэйгээ нүүр тулна, энэ үед буцахад хэтэрхий оройтсон байх болно.

Тиймээс бид улсын зарим нэг хэсгээр ган гачигтай, тариачин тариагаа тарьж чадахгүй, түймэр ой модыг, олон айлыг сүйтгэхэд, ширүүн шуурга хот тосгоныг үймүүлэхэд, олон хүн эдгэшгүй өвчин тусахад бид ирж буй дохиог тоохгүй өнгөрөөж болохгүй. “Бурхан яагаад намайг ингэж байгаа юм бэ?” хэмээн өөрсдөөсөө асууж, бурууг өөр хэн нэгэн рүү чихэх амархан. Гэхдээ яагаад иймэрхүү өөрчлөлтүүд бидэнд тохиолдохгүй байх ёстой гэж? Бид үүнээс зайлсхийхийн тулд ямар нэг зүйл хийж болох байсан уу? Ихэнх тохиолдолд бол үгүй. Тиймээс бид кармын хууль хүн бүхэнд үйлчилдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Жил бүрийн хэрэгцээнд 134 сая амьтан, 3 тэрбум шувуу нядлагдаж, мөн зуу зуун, мянга мянган амьтад хий хоосон шинжлэх ухааны туршилтад тамлагдан зовж, амиа алдаж байна. Хүн төрөлхтний бодлогогүй их хүслийн төлөө нядлагдаж буй ийм олон гэмгүй амьд оршнолуудын өвчин шаналлын орь их дуунд ямар нэгэн эсрэг хариу нөлөө байхгүй байна гэж бодоо юу? Энэ бүх хүчирхийлэл хаа нэг тийшээ шингэх ёстой. Хүч хэрэглэсэн үйл ажиллагаа, мөн тийм хариу үйлчлэлийг бий болгоно.

Хүн бүр л аз жаргалтай, тайван амьдрахыг хүсдэг, тэгвэл бусад оршнолууд шинжлэх ухааны лаборатори гэгч газар хамгийн хүнд бэрх туршилтын золиос болж, цогцсыг нь дэлгүүрүүдэд зарахын тулд нядалгааны газар зохион байгуулалтайгаар хөнөөгдөж байхад хүсээд байгаа амар тайван байдалд хэрхэн хүрэх болж байна? Үүнийг зөвхөн арилжааны газрууд хийдэг юм биш, төр ч гэсэн үүнд оролцдог. Амьтан дээр хийсэн бүхий л хүнд туршилтуудын 84 хувийг зэвсэгт хүчнээс хийлгүүлсэн гэсэн тайланг 1986 онд “Текнологийн Тооцооны Газар” гаргасан. Амьтныг Хамгаалах бүлгэмээс мөн 22 зэвсэгт хүчний салбар 83,389 амьтныг 1987 онд, 142,735 амьтныг 1988 онд туршилтад ашигласнаас, нохдын 99 хувьд, мууруудын 81 хувьд, сармагчнуудын 43 хувьд тарчлаан зовоох туршилт багтсан байна. Тийм болохоор, нийгэм ерөнхийдөө бусад амьд оршнолууддаа ингэж хүйтэн цэвдэг хандаж, байгалийн нөөц баялгаа хэтэрхий цамаан хэрэглэж, эсвэл дэндүү завхарсан амьдралын хэвшлээр амьдрах үед байгаль эх олон төрлийн аргаар хариу барьдгийн нэг нь дайн юм. Цагаас цаг үед, бид залуу охид хөвүүдээ дайны талбар луу хөнөөлгөх гэж, зэрэмдэглүүлэх гэж явуулж байна.

Гэмгүй амьтдыг маш олноор нь, жилийн турш, өдрөөс өдөрт, шаардлагагүйгээр нядалж, тамласаар байх үед удаан хугацааны туршид амар амгалан гээч зүйл хэзээ ч ирэхгүй, учир нь хаа нэгтээ дайн үргэлж дэгдэх бөгөөд бид үүнд ямар нэгэн байдлаар оролцоход тулгагдах болно. Гэхдээ дайн гэдэгт гэр бүлийн дайн, жишээ нь сэтгэл ханамжгүй байдал, хэрүүл, салалт гэх мэт; нийгмийн дайн, үүнд дээрэмчдийн хоорондох дайн, гэмт хэрэг, хулгай, аллага, хүчин гэх мэт; арилжаа, эдийн засгийн дайн; өөрсдийнхөө шашныг бусдаас дээгүүр тавин тулалддаг алан хядагчдаас болж эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд хэрцгийгээр хөнөөлгөдөг олон улсын дайн, алан хядлага ч мөн багтана. Энэ бүх хариу үйлчлэлүүд өдөр бүр олон сая хүмүүст нөлөөлдөг бөгөөд энэ бол дэлхийд оршин сууж байгаа хүмүүсийн ухамсрыг байгаль эх тусган харуулж байгаагаас илүү зүйл үгүй юм.

Улсын ихэнх хүн ам зар сурталчилгааны нөлөөнд орон, мах идэх, мансуурах, ёс бус бэлгийн харьцаанд орох, мөрийцөх гэсэн хамгийн их үйлийн үр дагуулдаг дөрвөн үйл ажиллагаанд донтох үед хожмын ирээдүйд үүнийхээ үр дүнг амсах нь гарцаагүй. Энэ бол ертөнцийн хууль. Ямар ч эдийн засгийн төлөвлөгөө, сайжруулсан хамгаалалт, хөдөө аж ахуйн зохицуулалт, цаг агаарын мэдээ ч үйлийн үрийн гэнэтийн үр дагавраас биднийг хамгаалж чадахгүй. Хэрэв улсын удирдагч хүм амынхаа сайн эсвэл муу үйлийн үрийн зургааны нэгийг хураадаг юм бол, тэгвэл ард иргэд ч гэсэн өөрсдөө, байгалиар зохицуулагдсан улсынхаа эдлэх ёстой үр дагаврыг амсана.

Үйлийн үрийн хуулийг ойлгон, үнэнч шударга явдал, цэвэр ариун байдал, тэвчил хатамж, энэрэн нигүүлсэхүй хэмээх ялангуяа энэ цаг үед зориулагдсан дөрвөн зарчмыг мөрдсөнөөр улсын хүмүүс хүчирхэг болж, сайн ёс зүйн зан авирыг хөгжүүлж, бусдын сайн сайхны төлөө санаа тавьж, эрүүл саруул ухааныг олж аван, дэлхийн аль ч улсад байхгүй тийм агуу хувь тавиланд хүрэх болно. Бид бүгд л энэ дэлхийг илүү сайхан газар болгохын хүсдэг, ийм болгох арга зам нь ч байна. Гэхдээ манай улс төрчид, эдийн засгийн зөвлөхүүд, шүүгчид гэх мэт хүмүүсийн дунд нийтлэг байдаг мэдээжийн төлөвлөгөөнөөс илүү зүйл байгаа гэдгийг бид ойлгох ёстой. Хувь хүн бүрийн шийдвэр, үйл ажиллагаанаас хамааран шийдэгддэг нарийн хүчин зүйл байдаг. Тийм болохоор, үйлийн үрийн хуулийг ойлгох гэж цаг гарган, үүнийг мөрдөхийг хичээн буй хүмүүсийг илүү сайн сайхан ирээдүйн төлөө, зөвхөн өөрсдийнхөө төлөө ч бус, үнэхээр илүү сайн сайхан дэлхийн төлөө хичээн ажиллаж байгаа хүмүүс гэж ойлгож болно.

– Шри Нанданандана даса: (Stephen Knapp)

15 өдрийн өмнө

Comments

Нэвтрэх
Илүү ихийг хийхийн тулд нэвтэрнэ үү
or