Материаллаг ертөнц дэх чин бишрэлийн үйлчлэл

Бхагавад-гитагийн 9.30 шүлгээр уншсан лекц (Кришна Мандир төв, 2026-04-19)

26 өдрийн өмнө

“Хэн нэгэн хамгийн жигшүүрт муухай үйл үйлдсэн ч, хэрэв тэр чин бишрэлийн үйлчлэлд оролцож байгаа бол түүнийг ариун гэгээн гэж үзэх хэрэгтэй, яагаад гэвэл тэр өөрийн эрс шийдэмгий байдалдаа маш сайн бэхэжсэн байдаг.” (Бхагавад-гита 9.30)

Энэ маш сонирхолтой шүлэг. Санал нийлмээргүй ч юм шиг. Хүн энэ материаллаг ертөнцөд болзолдсон байхдаа хоёр төрлийн үйл хийдэг. Нэг нь материаллаг үйл буюу болзолдож нөхцөлдсөн үйл. Хоёр дахь нь бурханлаг үйл буюу чин бишрэлийн үйлчлэл.

Чин бишрэлийн үйлчлэл бол бидний хийх ёстой, үндсэн суурь цэвэр сүнсний үйл. Харин материаллаг үйл бол энэ ертөнцөд нөхцөлдсөн байхдаа түр зуур хийдэг үйл. Энд ертөнцөд амьдарч байх үедээ бид материаллаг үйл хийхээр аргагүй тулгагддаг.

Материаллаг үйлийг сайн муу гэж хуваахад хэцүү. Хувааж болно л доо. Гэхдээ бид нар үүнийг хязгаарлагдмал ухаанаараа ялгахад хэцүү. Ямар үйлийг муу үйл гэх вэ? Хамгийн хүндийг нь бодож үзье л дээ. Хүн хөнөөх. Энэ муу юу?

Ихэнх хүмүүс мэдээж муу л гэх байх. Тэгвэл тэр хүн цаазын ял гүйцэтгэгч байвал яах вэ? Хүн хөнөөх бол түүний ажил. Эсвэл дайнд оролцож байгаа цэрэг байвал яах уу? Үүрэг нь бас л ялгаагүй, дайснаа хөнөөх.

За тэгвэл улс орны хуулийн дагуу хийж байгаа бол сайн үйл үү? Энэ нь нийгэм, улс төр, соёлоос болоод өөр өөр байж болно. Өөрчлөгдөж болно. Нэг улсад сайн гэж яригддаг үйл, өөр улсад муу гэж үзэгдэж болно. Дээрээс нь сайн мууг ялгах чадвар ухамсар багатай үед сул байдаг.

Бага байхад муу гэж бодсон зүйл нас яваад зөв байж дээ гэж бодож болно.  Магадгүй хүүхэд байхад, чихэр идүүлэхгүй, зурагт үзүүлэхгүй эсвэл бүүр шийтгэх үед аав ээж ёстой муухай юм аа гэж бодож магад. Гэхдээ ухамсар нэмэгдэх тусам, тухайн үеийн мэдлэг, нийгэм, нөхцөл байдалдаа бол боломжийн шийдэл байсан байж болно. Хэрэв бага байхад намайг шийтгээгүй байсан бол би бүүр буруу замаар орох байсан ч байж болно. Үүнийг бид ялгаж чадахгүй. Энэ бол бидний мэдлэггүйнх, зөв буруугийн дэнсгүйнх.

Зарим үйлийг муу гэж үзэх нь бидний мэдлэг, мэдээлэл дутуу байснаас болсон байж болно. Зарим хүмүүс бидний мэдээгүй мэдээлэл дээр үндэслэж зарим үйлийг хийдэг. Бид нар удирдлагаа, дээд албан тушаалтнуудаа байнга муулж, шүүмжилдэг. Гэхдээ тэд нарт байгаа мэдээлэл бид нарт байдаггүй. Тэд тэр нэмэлт мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл сайн муугийн хэмжүүр маш их нюанстай. Бидний мэдэхгүй, одоохондоо ойлгодоггүй нарийн зүйлс их байдаг.

Хүмүүсийн гаргадаг өөр нэг алдаа бол чин бишрэлтэн бүрийг өөгүй сайхан ном судар дээр бичсэн шиг төсөөлдөг. Ном судар дээрх зүйлс бол бидний зорилго. Бид нар тийшээ тэмүүлж байгаа. Харин арав, хорин жил хичээллэж байгаа хүмүүсийг ном дээрх шиг төгс хүмүүс гэж төсөөлдөг нь бидний алдаа. Бид ном судар уншаад л чин бишрэлтнүүдийг яг ийм л байдаг байхдаа гэж боддог. Тийм байдаггүй. Энэ зүйл хувь хүний итгэлийг маш их сорьдог зүйл. Би ч гэсэн энэ алдааг эхэндээ гаргаж л байсан. 

Тэгсэн одоо нэг л мэдэхэд би өөрөө арав гаран жил Кришнагийн ухамсраар хичээллэсэн хүн нь болчихсон байна. Би ном дээр гардаг шиг шинж чанаруудыг хөгжүүлж чадаж уу? Мэдээж сайжирсан зүйлүүд байгаа л байх. Гэхдээ анх боддог байсан төсөөллөөс, ном дээрх бичсэнээс бол асар хол.

Бусад хүмүүс биднийг ном дээрх шиг төгс гэж төсөөлөөсэй гэж хүсдэггүйтэй адил бид ч бусад хүмүүсийг тэгж төсөөлж, тийм хүлээлттэй байх ёсгүй. Эмнэлэгт ирчхээд дандаа эрүүл хүн байна гэж бодох нь бидний алдаа. Эмнэлэгт эмч ажилчид нараас бусад ихэнх хүмүүс нь өвчтэй хүмүүс байдаг. 

Гэхдээ тэр хүмүүс өвчтэйгөө хүлээн зөвшөөрөөд, эрүүл болох хүсэл эрмэлзэлтэй, тэгээд үнэхээр эрүүлжиж буй хүмүүс байдаг. Эмчилгээгээ бүрэн хийлгэж, бүрэн эдгэрээгүй л бол өвчин нь сэдэрнэ. Үүнийг ойлгоод, хүлээгээд авчих ёстой. Тэгж чадваас үүнээс суралцаж болно.

Бид нар яг л архинд архаг донтсон хүмүүс шиг байдаг. Архичид өөрсдийгөө архичин гэж боддоггүй. Материаллаг амьдралаар амьдарч буй хүмүүс өөрсдийгөө өвчтэй гэж боддоггүй. Цөөхөн хэдэн хүмүүс л архичин гэдгээ хүлээн зөвшөөрөөд архины эмчилгээнд явдаг. Тэр хүмүүс бол эмчилгээнд явдаггүй, өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсээс бол хамаагүй дээр.

Гэхдээ донтоод удчихсан, энэ муу зуршилтай олон жил амьдарсан болохоор, хааяа нэг өвчин нь сэдрээд уучихдаг. Хэдий тийм ч эмчилгээгээ таслахгүй хийлгэсээр байгаа хүнийг эмч нь чи мундаг байна, юу ч болсон эмчилгээгээ үргэлжлүүл гэдэг. Харин нэг удаа сэтгэлдээ ялагдаад уучихсан чинь, эмч нь чи ёстой бүтэхгүй, чи найдваргүй болчхож гээд эмчилгээг нь зогсоодоггүй биз дээ.

Үүн шиг хэдийгээр хааяа нэг өмнөх муу зуршлуудаасаа болоод алдаа гаргасан ч эмчилгээгээ буюу чинь бишрэлийн үйлчлэлээ хийсээр байх юм бол тэр хүн бусдыгаа бодвол сайн эмчлүүлэгч. Эмчилгээгээ л таслахгүй сайн хийлгээд байх юм бол хааяа нэг алдаа гаргах нь улам багасна. Чин бишрэлийн үйлчлэл нь батажсан бол материаллаг дутагдал нь аяндаа арилдаг.

Иймэрхүү түр зуурын уналт, гажуудал нь хүн зуун хувь ариусаагүй л бол алга болохгүй байж л байна. Тиймээс шууд үүнийг шүүж болохгүй. Үүнд нь айхтар анхаарах хэрэггүй. Харэ Кришна маха мантраг шийдэмгийгээр уншиж л байгаа бол… Тэр бол ариун гэгээнтэн. Энэ бол Бурханы айлдвар.

Эмч нь тэр жижиг сажиг алдаа яах вэ угаасаа байдаг л юм, сүртэй зүйл биш, харин чи эмчилгээгээ таслахгүй хийлгэсээр байгаа чинь ёстой мундаг байна гэж хэлээд байхад, бид нарыг ийм хүмүүсийг битгий шоолж, шүүмжлээрэй, харин эмчилгээгээ тасралтгүй хийлгэж байгааг нь хүндлэх хэрэгтэй гэж сануулаад байхад, ялгаагүй өөрөө эмчлүүлж байж, өөрөө алддаг байж, өө чи алдчихсан юм уу гээд чичлээд байх нь аль алиндаа тусгүй.

Тэр жижиг дутагдлууд бол сарны толбо мэт. Саран дээр зөндөө толбо байдаг ч сарны гэрэл тусахад нөлөөлж чаддаггүй. Үүн шиг түр зуурын дутагдал, уналт зэрэг нь тэр хүнийг засагдашгүй муу хүн болгохгүй. Тиймээс бүү шүүмжил.

moonlit_mountain_river.webp

Энэ ертөнцөд зүгээр тохиолдлын юм гэж байдаггүй. Алдаа гаргасан хүн ирээдүйд илүү хүнд алдаа гаргахаас сэргийлэгдсэн байж болно. Мөн хөндлөнгөөс харж ажиглаж байгаа хүнд ч ач тустай байж болно. Тиймээс ямар хандлагатай байх нь чухал. Ийм зүйлийг ажиглаж, хичээл гэж үзэн суралцах ёстой. Харин шүүмжлэх ёсгүй. Шүүмжлээд л эхлэх юм бол асуудал үүснэ. Энэ бол бид нарын анхаарах ёстой хамгийн чухал зүйл. Шүүмжилнэ, шүүмжлэхээр нөгөө хүнээ гомдооно, тэгээд алдас хийнэ. Алдас гэдэг зүйл бол бидний бурханлаг амьдралд маш том саад болдог.

Бид бусад хүмүүсийг байгаагаар нь хүлээж авахад суралцах ёстой. Зарим зан чанар угаасаа өөрчлөгддөггүй. Үүнийг өөрчлөх маш хэцүү, асар их хугацаа ордог. Тиймээс өөрчлөгдөшгүй шинж чанар дээр нь төвлөрөхийн оронд сайн тал дээр нь төвлөрөх хэрэгтэй. Зарим нь хүмүүсийг их загнадаг ч маш чин сэтгэлтэй, тэр хүндээ сайныг санадаг байж болно. Зарим нь задгай яриатай, хаа хамаагүй юм ярьчихдаг, гэхдээ маш сайхан киртан хийдэг байж болно. Зарим нь хүнтэй юм ярьж чаддаггүй ч жапагаа их хичээнгүй уншдаг байж болно.

Зарим шинж чанар арав хорин жилийн дотор арилдаггүй юм. Зарим нь бидний мэдэхгүй хүнд замыг туулсан байж болно. Өвчин зовлон, үхэл хагацал, хууралт, урвалт гэх мэт. Одоо ийм байгаа нь ямар нэгэн шалтгаантай байж болно. Тиймээс бид энэрэнгүй байж сурах ёстой. 

Шрила Прабхупада маш энэрэнгүй байсан. Анх Шрила Прабхупада дээр хиппи нар очдог байсан бөгөөд тэд дөрвөн зарчмын нэгийг нь ч биелүүлдэггүй байсан. Гэсэн ч бүгдийг нь хүндлээд, хоол хийж өгөөд, киртан дуулуулаад, аажмаар ариусгадаг байсан. Зүгээр хуучин муу зуршлаасаа болж алдсан ч, сайжрах хүсэлтэй хүнд Шрила Прабхупада маш энэрэнгүй ханддаг байсан. Ямар ч байсан эргэж ирэх орон зайг нь үлдээдэг байсан. Харин философио гажуудуулж, санаатайгаар хүнд халтай зүйл хийх үед шууд холдуулдаг байсан. 

ИСККОН ч гэсэн Шрила Прабхупадын төлөв байдлын дагуу, дээрээс нь Кришнагийн энэ шүлэг дээр айлдсаны дагуу маш энэрэнгүй ханддаг. Муу зуршлаасаа, өмнөх кармагаасаа болсон санаандгүй хийсэн алдааг бол уучилж дахин боломж олгодог.

watercolor_lotus_pond.webp

Гэхдээ чин бишрэлийн үйлчлэл хийдэг хүн муу муухай бүх зүйлийг хийж болно гэсэн үг биш. Энд яриад байгаа зүйл бол хичээгээд хичээгээд салахад хэцүү байдаг тэр шинж чанаруудыг хэлээд байгаа юм. Энэ бол байдаг л зүйл. Харин энэ шүлгээр далимдуулаад, санаатайгаар дэмий балай зүйл хийгээд, өөрийгөө чин бишрэлтэн гэж бодож болохгүй. Харин философи гажуудуулж, санаатайгаар гэмээ олон дахин нуун дарагдуулсан бол хатуу арга хэмжээ авдаг. Энэ бол өөр ангиллын зүйл. Ийм хүн тийм ч өндөр түвшний чин бишрэлтэн биш юм.

Мэдээж хүр бүрийг хүндэлнэ, эелдэг хандана гэдэг тийм амар биш. Зүгээр харахаар л дургүй хүрээд байдаг хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүн надад таалагддаггүй ч чин бишрэлээр үйлчилж л байх юм бол би өөрөө хурдан сайжиръя гэж бодож байвал түүнийг  хүндлэх л ёстой. Тоглоомын дүрэм нь ийм. Гэхдээ хүндэлнэ гэдэг чинь дандаа хажууд нь байгаад хамт амьдарна гэсэн үг биш. Зайнаас хүндэлж болно. Байнга харьцах албагүй. Зайгаа барьж болно. Тийм сонголт бий.

Би маш олон хүмүүсээс ийм байдлаар зайгаа барьдаг. Энэ нь ч учиртай. Харьцах шаардлагатай болбол аль болох дипломатаар  харьцдаг. Шаардлагагүй бол заавал сонсоод, харьцаад байх албагүй. Тийм хүн яриа хийж, киртан дуулж байх юм бол гараад явчих. Улам үзэн ядаад л тэсээд суугаад байж болохгүй. Санал зөрөх болгондоо хэрэлдээд байж болохгүй. Тааралдахаа л больчих эхний ээлжид. Тэгээд зөв яваад эхэлбэл, чин бишрэлийн үйлээ энэ шүлэгт бичсэн шиг хийсээр байх юм бол аль алиных муу шинж аажмаар багасна. 

Энэ бүгдийн төлөө бидний хийж чадах хамгийн хялбар бөгөөд хамгийн үр дүнтэй арга бол бусдыг шүүмжлэхгүйгээр, алдас хийхгүйг хичээн маха мантраг давтан дуудах. Үүнээс илүү арга энэ цаг үед байдаггүй.

26 өдрийн өмнө

Comments

Нэвтрэх
Илүү ихийг хийхийн тулд нэвтэрнэ үү
or